Уншиж байна ...

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг татгалзаж, 39 гишүүн дэмжсэнээр Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар дараах хуулийн төслийг эцэслэн баталлаа. Үүнд: 

  • Гурил, малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
  • Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтад нийт 40 гишүүн оролцож 39 нь дэмжив. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг татгалзсан санал өгсөн юм.
зураг
 

Мөн бусад хуулийн төслийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүд гараа өргөж санал хураалтад оролцлоо. Ийнхүү гишүүдийн олонх нь дэмжсэнээр дээрх хуулийн төслүүд УИХ-аар эцэслэн батлагдаж байна. 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлах үеэр Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийллээ.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хувьцаа гэдэг саалийн үнээтэй адил, жил бүр ногдол ашиг өгдөг зүйл. Гэтэл саалийн үнэ болох "Эрдэнэс Тавантолгой" ХК маань нэлээд хэдэн жил сувайрч байгаад сонгуулийн жил болж хэдэн төгрөг өгсөн. Сонгуулийн жилд дэлэгнэдэг үнээтэй баймааргүй байна. 

Маргаашаас эхлээд саалийн үнээ маань сувайрна. 2028 оны сонгуулиар л дэлэгнэх байх.Бид олон саалийн үнээтэй байх ёстой" хэмээн ярилаа. 

"Монгол Улс баялгийг тэгш хуваарилахаас илүү баялгаа ашиглаад эдийн засгаа өсгөхийг цаашид харж явах учиртай"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Дэлхийн 200 улсаас 30-40 нь баялагтай. Зах зээл рүү гаргаж чаддаг. Баялгийг зөвхөн гаргаж ирээд иргэддээ тараахаас гадна хөрөнгө оруулалт болгож чадсан.

Өөрөөр хэлбэл гадна дотны хөрөнгө оруулалтыг татаж, бизнесийг дэмжиж, гадаад зах зээл рүү экспортыг дэмжих бололцоог газар доорх нөөцөөс гаргаж ирээд байгаа. 

Арабын улсууд 1960-1970 онд ядуу, орлогогүй байсан. Газрын тосоо гаргаж ирээд баялгаа хуваарилахаас илүү яаж хөрөнгө оруулалт бий болгоход анхаарсны үр дүнд Абу Даби сан одоо нэг триллион ам.долларын эх үүсвэртэй болсон. 

Тус сангаараа зөвхөн өөрсдийн газар доорх бүтээгдэхүүнд бус бусад улсын газрын доорх нөөц рүү хөрөнгө оруулаад байгаа.

Монгол Улс баялгийг тэгш хуваарилахаас илүү баялгаа ашиглаад эдийн засгаа өсгөхийг цаашид харж явах учиртай. Үндэсний баялгийн санг гаднын хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд ашиглах хэрэгтэй байна.

Энэ бол монголчуудын боломж юм. Гадагшаа явж буй залуучуудын бодит орлогыг өсгөх боломж нь эдийн засгийн реформ. Үүний эх үүсвэр нь баялгийн сангаар дамжиж орж ирнэ" гэв. 

"Нэг гэр бүл стратегийн ордыг эзэмших нөхцөл байдалд өнөөдөр цэг тавигдаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улсад Үндэсний баялгийн сан анх удаа цогц байдлаар батлагдах гэж байна. Улс төрийн намууд үүнд зөвшилцөж, нэгдмэл байр суурьт хүрч, хэлэлцэх асуудалд гарын үсэг зурсан. 

Том том асуудлууд мэтгэлцээнтэй. Ард түмний төлөөллийн мандатын эрх авсан гишүүд өөрийн байр суурийг илэрхийлж байгаа. Гэхдээ өнөөдөр эцэслэн батлах хэмжээнд зөвшилцөж байна гэдэг нь туйлын чухал зүйл. 

Хуудасны хувьд нимгэн ч гэсэн зарчмын хувьд том агуулга. Ирээдүйн өв сангийн хуримтлал зөвхөн валютаар хадгалагдахаар хуульчлагдаж байгаа. Хуримтлалын сан нь Сингапурын хуримтлалын нэгдсэн сангийн суурь зарчим дээр тулгуурлан боловсруулагдсан. 

Манайх орон сууцжуулалтын том реформ хийгдэж чадахгүй явсан нь эх үүсвэр үнэтэй байсантай холбоотой. Хаанаас ч мөнгө татсан өндөр хүүтэй байлаа. Одоо бол жилд 500-700 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг орон сууцжуулалт руу оруулах боломжийг гаргаж байна. 

Уул уурхайн ил тод байдал хангагдаж байна. Нэг гэр бүл стратегийн ордыг эзэмших нөхцөл байдалд өнөөдөр цэг тавигдаж байна. Тэд бирж дээр нээлттэй компани болж, олон улсын аудитад байнга ордог болно. 

Нөгөө талаар өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар тавих эрх зүйн орчин хийгдэж байна. Мөн олон далд эдийн засаг бий болж байгаа. 

Хууль батлагдахад саад хийж, Цэц дээр унагаахыг эрмэлзэж буй хэсэг бүлэг нөхөд байгаа. Энэ бол хэдхэн гэр бүл, Монголын баялаг дээр эзэн суусан хүмүүс давуу байдлыг хийлгэхгүй байхын төлөө нэгдэх болно. 

Далд эдийн засгаас авлига авч буй хүмүүс байгаа. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн. Тэд нар удахгүй ил болох болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр л очиж тулна. Мөнгө, хүн амины ул мөр хэзээ ч алга болохгүй. 

Монгол Улсын маш том түүхэн эргэлтийн цэг өнөөдөр болж байна.Одоохондоо бүтэн ойлгогдохгүй байж магадгүй" хэмээн ярилаа.