Уншиж байна ...

Meta компани Llama 3 хэлний загвараа танилцуулснаар хиймэл оюуны өрсөлдөөнийг эрчимжүүллээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Meta компани өчигдөр өөрийн хөгжүүлж буй Llama 3 хэлний загварын эхний хувилбарыг танилцуулсан нь хиймэл оюуны технологийн өрсөлдөөнд түлхэц өгсөн үйл явдал боллоо.

Шинэ загвар нь Meta AI виртуал туслагчийн цөм технологи болж, Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp, Мессэнжэр аппликэйшнүүдийг улам хүчирхэг бөгөөд OpenAI компанийн ChatGPT системтэй өрсөлдөхүйц болгох ажээ.

Llama 3 загварын эхний хувилбар код бичих, зураг боловсруулах зэрэг чадвартай байх ч үр дүн нь зөвхөн текст хэлбэртэй байх юм байна.

Харин ойрын саруудад гарах дараагийн хувилбар нь “multimodality” боломжтой буюу текст болон зургаар үр дүнгээ харуулдаг болох гэнэ.

Llama 3 загварын зураг таних чадварыг энэ онд багтаан зах зээлд нэвтрэх EssilorLuxotica компанийн “Ray-Ban Meta” ухаалаг нүдний шилд ашиглах тухай Meta компанийн бүтээгдэхүүн хариуцсан дэд захирал Крис Кокс мэдээлжээ.

Өөрөөр хэлбэл уг нүдний шил эзэндээ харагдаж буй биетийг таниад сонирхсон асуултад нь хариулдаг болох гэнэ.

Meta компани бас Google-ийн хайлтын үр дүнг Llama 3 загвараар боловсруулахад Alphabet компанитай хамтран ажиллахаар болжээ.

Ингэвэл ChatGPT-ийг ашиглаж буй Майкрософтын Bing хайлтын системтэй шууд өрсөлдөгч болох юм.

Meta AI системийн Llama 3 загвартай шинэ хувилбар АНУ-аас гадна Австрали, Канад, Сингапур, Нигери, Пакистан зэрэг арав гаруй улсын зах зээлд нэвтрэх гэнэ.

Хиймэл оюуны технологийн ширүүн өрсөлдөөнд OpenAI компанийг гүйцэхийн тулд Meta компани бүтээгдэхүүнүүдээ үнэ төлбөргүй гаргаж байгаа.

Өчигдөр Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг “Таны үнэ төлбөргүй хэрэглэх хамгийн ухаалаг AI туслагч байх болно” гэж Meta AI бүтээгдэхүүнээ тодорхойлжээ.

Тэр бас Llama 3 загварын хамгийн сүүлийн хувилбар нь 400 тэрбум параметр, 85MMLU (Massive Multitask Language Understanding) үзүүлэлттэй сургагдаж байгаа тухай мэдээлсэн байна.

MMLU нь AI хэлний загваруудын чадвар, чанарыг илэрхийлдэг хэмжүүр юм.

 

Эх сурвалж: Reuters