Уншиж байна ...
Зураг
Зураг

Ган гачгийн улмаас Колумбын нийслэл Богота хотын иргэд усыг цагийн хуваариар хэрэглэдэг боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Номхон далайд хэдэн жилийн давтамжтай ажиглагддаг Эль Ниньо цаг уурын үзэгдлийн улмаас Өмнөд Америкийн Колумб улсын нийслэл Богота хот сүүлийн хэдэн арван жил үзэгдээгүй их ган гачигт нэрвэгдээд байна.

Үүний улмаас эрх баригчид нийслэл хотын дүүргүүдийг есөн бүсэд хувааж, хоногийн 24 цагийг хуваасан хуваарийн дагуу ус түгээж эхэлжээ.

Уг хязгаарлалтаас зөвхөн эмнэлэг, сургуулиудыг чөлөөлсөн байна.

Ус хязгаарлах шийдвэрийг энэ долоо хоногийн эхээр зарлаж, Пүрэв гарагаас мөрдөж эхэлжээ. Хотын захиргаа хоёр долоо хоног тутамд нөхцөл байдалд үндэслэн хуваарийг өөрчлөх юм байна.

“Богота хотод одоо дусал ус бүрийг хэмнэх шаардлагатай байна. Ингэвэл бид богино хугацаанд хязгаарлалтын хугацааг бууруулах, эсвэл бүр хязгаарлалтаас гарах боломжтой болох юм” гэж шийдвэрийг танилцуулахдаа хотын захирагч Карлос Фернандо Галан мэдэгджээ.

Цаг агаарын ер бусын их халалт, хур бороо татралтын улмаас Богота хотын ус хуримтлуулах байгууламжуудын нөөц эрс дундраад байгаа.

Тухайлбал хотын усны 70 хувийг хангадаг Чузагийн нөөцийн байгууламж багтаамжийнхаа дөнгөж 17 хувийн дүүргэлттэй байна.

Энэ нь сүүлийн 40 жил тохиолдоогүй түвшин ажээ.

Колумбын ерөнхийлөгч Густаво Петро ирэх 30 жилийн хугацаанд усны нөөцийг хамгаалах, арвижуулах шинэ төлөвлөгөө боловсруулах даалгаврыг холбогдох албаныханд өгснөө Пүрэв гарагт мэдээлсэн байна.

Энэ үеэр тэр усны нөөцийг хайр гамгүй шавхаж буй хөдөө аж ахуй, барилгын салбарыг шүүмжилжээ.

Сүүлийн жилүүдэд Мехико хот, Уругвай улсын нийслэл Монтевидео хот усны хомсдолд ордог болоод байгаа.

Нэг талаас уур амьсгалын өөрчлөлт, нөгөө талаас хэт хотжилт, дэд бүтцийн хөгжил сул дорой байдал үүнд нөлөөлж буйг судлаачид анхааруулж байна.

 

Эх сурвалж: BBC