Уншиж байна ...
Зураг
Зураг

Турк улсад агаарын дүүжин тээвэрт осол гарсны улмаас нэг хүний амь үрэгдэж, долоон хүн бэртжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Туркийн аялал жуулчлалын хот Анталягийн ойролцоо агаарын дүүжин тээврийн систем гэмтсэний улмаас нэг хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн байна.

Нийтдээ 200 орчим хүн агаарт дүүжлэгдэн гацжээ.

Агаарт гацсан хүмүүсийг аврахаар шөнийн дурангаар тоноглосон нисдэг тэрэгнүүдийг дуудсан тухай Анталя хотын захирагч Мухиттин Босек өчигдөр орой мэдээлсэн байна.

Гэмтэл гарах үеэр дүүжин тээврийн нэг бүхээг задарч, хадархаг газарт зорчигчид унасны улмаас бэртэж, амиа алдсан гэнэ.

зураг
 

Уг бүхээгт зорчиж байгаад гэмтсэн таван хүнийг нисдэг тэргээр зөөж, хоёр нь дараагийн ээлжийг хүлээж үлдээд буйг Туркийн дотоод хэргийн сайд Али Ерликая Х хуудсандаа мэдээлсэн байна.

Нийтдээ 110 аврагчийг ослын газарт илгээж, ойролцоох хотуудаас мэргэжлийн уулчдыг дайчилснаа тэр бас дуулгажээ.

Сөрөг хүчний 10 парламентын гишүүн нөхцөл байдалтай танилцахаар ослын газар руу явсныг Ардын Бүгд Найрамдах Намын тэргүүн Өзгүр Өзел мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: AFP