Уншиж байна ...
Зураг
Зураг

Улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 3 хувьтай тэнцэх мөнгө луйвардсан Вьетнамын бизнес эмэгтэй цаазын ял сонслоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Олон тэрбумын санхүүгийн луйварт буруутгагдсан Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн томоохон компанийн эзэн эмэгтэйд өчигдөр Хо Ши Мин хотын шүүх цаазын ял оноожээ.

“Van Thinh Phat Group” компанийн ерөнхийлөгч Чуон Ми Лан 2022 онд баривчлагдаж, шүүх хурал нь энэ оны гуравдугаар сарын 5-нд эхэлсэн юм.

Түүний үйлдсэн хэргийг Вьетнамын түүхэн дэх хамгийн том, Зүүн Өмнөд Азийн орнуудад гарсан хамгийн том санхүүгийн луйвруудын нэг гэж үзэж байна.

2011 онд “Saigon Commercial Joint Stock Bank” арилжааны банкийг өөр хоёр банктай нэгтгэсэн үеэс түүний гэмт үйлдлүүд эхэлжээ.

Лан тухайн банкны удирдлагад шууд оролцоогүй ч өөрийн төлөөний этгээдүүдээр дамжуулан 91.5 хувийг нь эзэмшиж, өөрийн халхавч компаниудаар дамжуулан нийтдээ 2,500 гаруй удаа зээл авч завшсан байна.

Түүний луйвардсан мөнгөний хэмжээ $12.5 тэрбум буюу Вьетнам улсын 2022 оны үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 3 орчим хувьтай тэнцжээ.

Гэхдээ түүний банканд учруулсан нийт хохирлын хэмжээг $27 тэрбум орчим гэж хэргийг шалгасан прокурорууд дүгнэсэн байна.

Лан бас луйвраа нуухын тулд төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгсөн хэрэгт буруутгагджээ.

Гэр бүлийнхэн нь Лан өөрт оноосон ялын шийдвэрийг давж заалдахаар төлөвлөж байгааг өчигдөр мэдээлсэн байна.

Өчигдөр бас энэ хэрэгт холбогдсон “Saigon Commercial Bank” банкны зарим удирдлагууд болон Вьетнамын төв банкны албан тушаалтан бүх насаар хоригдох ял сонсжээ.

Ланы гэр бүлийн гишүүд мөн шийтгүүлсэн байна. Тухайлбал түүний нөхөр Эрик Чу есөн жил, ойрын хамаатан Чуон Хуэ Ван 17 жил шоронд хоригдох ял тус тус сонсжээ.

Вьетнам улсад цаазын ялыг зөвхөн хүн амины хэрэг, хар тамхины хэрэгт оноодог. Харин санхүүгийн луйвар, авлигын хэрэгт оноож байгаагүй юм.

Ланд оноосон хатуу шийтгэл нь Вьетнамын эрх баригчид авлигын эсрэг явуулж буй тэмцэлдээ ямар өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна.

 

Эх сурвалж: Business Insider