Уншиж байна ...
Зураг
Зураг

Ц.Элбэгдорж: Л.Оюун-Эрдэнэ чамайг олон улсын хэллэгээр нарциссист гэнэ. Өөртөө дурласан гаж дон

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 9
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө үед тулгамдаад буй олон асуудлын үндсэн шалтгаан нь системийн авлига хэмээгээд түүнийг угсарсан автор нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэмээн нэр цохсон билээ.

Тэгвэл Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан үгээ хэлснийг хүргэж байна.

Тэрбээр "Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний эвлүүлсэн рекламыг үзлээ. Чи их сандарч байна. Нүүр тулахаараа дүү чинь болъё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд бөглөрч, чих таглагдсан байна. Чимээгүй байгаа ч чамд хүмүүс дургүй болсон. 

Чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг эмтрээд байх юм.

Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс эндээс гарч зугтахын түүс болж байна. 

"С.Зоригийн хэргийг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцуулсан. Уг баримтыг ил болгох хэрэгтэй"

С.Зориг агсныг алсан хүмүүсийг мөрдөгчид илрүүлсэн. Хууль, шүүх тогтоосон. Тэр хүмүүс одоо ч сэжигтэн хэвээрээ. Чи Ерөнхий сайд болоод эхний уулзсан хүнээсээ эмээж байна. Нэг л өдөр чи шалгагдана. С.Зоригийг алсан этгээдүүд, алуурчинтай хамсаатан болсон хүмүүс үргэлж сандарч яваа.

26 жилийн өмнө юу болсныг, бид яаж шалгуулсныг, Монголын ардчилалд юу тохиолдсоныг түүх гэрчилнэ. Коммунистууд аллагыг бидний эсрэг яаж ашиглаж байсныг би мэднэ. 

Аллагын хэрэг илрэхгүй хугацаа алдахад би АНУ-ын Элчин сайдтай уулзаж, хөндлөнгийн олон улсын мөрдөгчид ирүүлэх хүсэлт тавьж байлаа. 

Ажлын хэсгийг хаана байгуулж, хэн өөрчилдгийг хуульчид хэлнэ. Үүнд Ерөнхий сайд оролцох боломжгүй. Хүнээ алуулсан бидэнд тийм үйлдэл байтугай санаа ч төрөөгүй. Алуурчдыг олоход бүх талаар туслахыг хичээж ирсэн.

Би энэ талаар хэзээ ч хэнтэй ч ярилцахаас цааргалж байсангүй. 

Хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-ны орой клабхауст болсон дэлгэрэнгүй яриа одоо ч миний цахим хуудсанд бий.

Манай хууль шүүхийн ажилтнууд чиний бодож байгаа шиг хямд хүмүүс биш. Тэд тусгайлан тэр мэргэжлээрээ сурсан, тусдаа хууль барьж ажилладаг. Хуульчийн мэргэжил бол өөрийн арга барил, дэс дараалалтай байдаг. 

Энэ хэрэг дээр зарим нэг асуудал гарсан байж болно. Гэхдээ түүгээр бүхнийг харлуулж болохгүй. Чамд тодорхой хэлье.

Уг хэрэгтэй Үндэсний Аюулын Байдлын Зөвлөл дэлгэрэнгүй танилцсан. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, Улсын Их Хурал (УИХ)-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Бүгдийг нь цаасаар болон аудио бичлэгээр баримтжуулсан. Тэд мэднэ, түүнийг ил болгох хэрэгтэй. 

Харин чи алуурчдыг нь ивээлдээ авсан. Бүгд үүнийг харж буй. 

"Шүүх байгууллага чиний үгэнд орохгүй байгаа бол бие даасан байдлаа бага ч болтугай хадгалж байна"

Телевизээр хоёр цаг гаруй үргэлжилсэн рекламаа цацсан ч хүмүүст хүчээр үзүүлж чадахгүй. Эхлэлийг нь хараад л ой гутлаа, сэжиг хүрэм юм гэж хүмүүс бичиж байна. 

Чи цар тахлыг амжилт гэсэн тархи угаалтаар нэвтрүүлгээ эхлүүлсэн. КОВИД-оос болж ард иргэд хэчнээн их зовж шаналж, албан тушаалтнууд хэрхэн бүдүүлэг авирлаж байсныг, идэж ууж, завшиж байсныг чинь мэдэхгүй хүн үгүй.

Чамайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Монгол Улс хүн амдаа ногдох цар тахлын үеийн үхлээр дэлхийд тэргүүлсэн. Чи гаргасан алдаагаа ухамсарлаж, ард түмнээсээ уучлалт гуйгаагүй.

Хэдэн их наядаар тоологдох хяналтгүй зардлынхаа тайланг тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их хөрөнгө боссон. Манай улсад тэр үед 900 гаруй сая ам.доллар орж ирсэн

Чиний ажил дандаа хоёр нүүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүс л сайн сайхан амьдарч байгаа байх. Бусдынх нь амьдрал 0 заалаа. Чамайг 0 гэж нэрлэж байна.

Авлигатай тэмцэж байна гэж байнга ярьдаг боловч өнөөдөр манай улсад төрийн оролцоотой хулгай дээрэм хаа сайгүй нэмэгдсэн. Жирийн иргэн ажил, бизнесээ тайван эрхлэх орон зай алга. Засгийн газрын гадуур, чиний мэдэхгүй хийгддэг хулгай дээрэм гэж үгүй.

Монголд шүүх шиг их ажилтай бие даасан байгууллага байхгүй. Тэд чиний үгэнд орохгүй байгаа бол бие даасан байдлаа бага ч болов хадгалж байгаа юм байна. Миний үед шүүхийн үйл ажиллагаа ил тод, шүүхийн шийдвэр нээлттэй болсон. 

Шүүхийн захиргаа, шалгаруулалт, хяналтыг шүүн таслах мэргэжлийн үйл ажиллагаанаас нь салгасан. Шүүгчдэд дарамт ирвэл хөндлөнгийн мэдүүлэг бичдэг болсон. Шүүгчийг сонгох шалгаруулалтад Ерөнхийлөгч оролцох боломжгүй болсон. Бүх шалгуурыг давсных нь дараа энэ хүн шүүгч боллоо гэсэн зарлигт л гарын үсэг зурдаг. Үндсэн хуульд ингэж зааж өгсөн тул өөр хэн гарын үсэг зурах вэ, хууль өөрчлөгдөх хүртэл шүүгчийн үнэмлэхийг Ерөнхийлөгч л олгож таарна.

Хар цагааныг ялгадаг шүүх байгууллага, шүүгчээ үргэлж дэмжиж байж шударга ёс тогтоно. Энэ бол бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн бодлого юм.

Монголын шүүхийн бие даасан байдал Европын стандартын 65 хувьд хүрлээ гэж олон улсын шинжээчид дүгнэж байлаа. Ийм үе байсан. Шударга хүн шүүх рүү дайрдаггүй. Хулгайч, хоёр нүүртнүүд л шүүхийн байгууллага руу ноцдог.

"Чи дайнгүйгээр монголчуудын зоригийг мохоож байна"

Чи Бэрхийнхээ Улаан булангаас гарах болоогүй юу. Чиний дор ажиллаж байгаа сайд нар бүгд шахам авлигад идэгдсэн. Үнэхээр шударга ёсыг тогтоох зорилготой юм бол тэр сайд нараа сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хэрэгтэй. 

Над шиг 5-7 жил шалгуулчих, тэгээд улс төр ярих хэрэгтэй. Л.Оюун-Эрдэнэ ээ, чи эрүүл хүн үү. Хоолны чинь хордлого тархи руу чинь оров уу?

1998 онд амь насаа алдсан С.Зориг, 2016 онд Монголын мэдэлд ирсэн Эрдэнэтийн 49 хувь холбоотой ч гэх шиг. Оросууд бидэнд сонголт өгдөггүй юм. Эрдэнэтийн 49 хувь зөв цагтаа бидэнд ирсэн. Би тэр 49 хувийн хэрэгт бүтэн шалгагдаж, хавтас хэрэгтэй нь танилцсан. Хэргийн материал нь ялынх биш шагналыг тодорхойлно.

Чи Чингисийн монголчуудын урам зоригийг мохоож байна. Украинчуудыг дайнаар алж байгаа бол чи монголчуудыг дайнгүйгээр алж байна. Харь улсаас захиалга авч, Монголын төлөө зүрх сэтгэлтэй бүхнийг устгах гэж чи чичирч байна.

Чи Монголын Төмөр замын талыг хойноос авчирч чадсан уу, төсөл нь бэлэн болчихсон Эгийн гол, Таван толгойн цахилгаан станцыг бариулсан уу, зэс хайлуулах үйлдвэр хаана байна вэ, ураны гэрээ юу болов, чамд нэрлэчих нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт байна уу?

Ард иргэдээ тэтгэвэр, цалингаас нь хэд дахин бодит орлоготой болгоё гэж чамд би олон удаа хэлсэн. Чи хийсэнгүй, чадсангүй. Чамд тийм сэтгэл алга. Нэвтрүүлгээрээ бүтээсэн зүйлээ, хийх ажлаа ярих болов уу гэж бодсон ч шүгэлдсээр л найман жил боллоо.

Бамбарууш кафе, Эрдэнэтийн 49 хувь, Ц.Элбэгдорж гэж гонгиносоор дууслаа. 

"Үнэнийг хүсэж байвал олны өмнө ил ярилцахад бэлэн байна"

Л.Оюун-Эрдэнэ ээ, чи үнэхээр үнэнийг хүсэж байвал олны өмнө ил ярилцъя. Оюутнуудын төгсөлт, лекц, диплом гээд зав бага байгаа ч чамтай ярилцахад бол цаг гаргана. Газрын хол ойр ялгаагүй, цахимаар ярилцлага хийхэд татгалзах зүйл надад үгүй.

Технологийн дэвшилтийг ашиглаад чиний дуртай телевизээр чинь ч ярилцлага хийж болно. Би чамайг дуудна, чи ч бас урилгаа хэлээрэй. 

1989 онд эх авсан Монголын ардчилал, эрх чөлөөг хүн төрөлхтний түүхэнд чухал нэг ололт гэж үздэг. 

Саяхан Дэлхийн Ардчиллын Холбоо Ази-Номхон далайн бүс нутагт хуралдсан. Монголын өнөөгийн байдал, болох гэж буй сонгуулийн талаар тусгайлан санаа тавьж, тогтоол гаргасан. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард АНУ-ын Вашингтон хотод хуралдахад ч бас онцгой анхаарал тавьсан.

Шинэ, хуучин тогтоолыг би биечлэн олонд хүргэх үүрэгтэй хүн. 

"Улс төрийн намуудыг тарааж цоо шинээр эхлэх хэрэгтэй"

Их тэнгэрийн аманд албан тушаалтнуудыг нэг дор цуглуулж ярилцсан гэж чи нэвтрүүлгээрээ хэллээ. Энэ бол зохиол. Албаны ёсзүйн наад захын ойлголт байхгүй хүн л ийм юм ярьдаг. 

Ийм уулзалт болоогүй, бүгд худал. Арга ядаад чи нэр дурдсан хүмүүсийг үнэнээ ярих байх гэлээ. Бүү горьд. Новш л биш бол тэд чиний бохирыг долоохгүй.

Анх талбай дээр "Байнгын хорооны дарга ч болохгүй" гээд жагсаж байхад чинь чамайг би дэмжиж байсан. Би цахим хуудас дээрээ ч бичиж байлаа. М.Энхболдыг чирээд буулгасан. Энэ жишгээр чамайг намынхаа бусад гишүүдтэй тэмцэх байх гэж горьдсон. 

М.Энхболд бид хоёрыг МАНАН мафи гэж нэрлээд холбох гэж олон жил оролдож байна. Бид хоёрт хамтарч хийсэн зүйл байхгүй. Өөрсдийн замаар явж буй тусдаа хүмүүс. Улс төрийн, үзэл санааны, сонирхлын ямар ч холбоогүй.

Харин одоо чи албан тушаалд хүрсэн, шүлэнгэтсэн, гэмт бүлэглэлийн толгойлогч болсон. Ганц нэг золиосны ямаа хаяж өгнө, ард нь өөрөө үлдчихээд буйд хууль, шүүхийн байгууллага эгдүүцэж байна.

Ийм гэмт бүлэглэлийг тараах ч багадна. Ер нь улс төрийн намуудыг тарааж цоо шинээр эхлэх хэрэгтэй. 

Манай улсын Ерөнхий сайдыг худалч гэдгийг нь олон улсад баталчхаад байна. Авлигатай тэмцэж байна гэдэг ч үзүүлэлтээр өсөөд байдаг. Чиний үед хамгийн өндөр түвшинд хүрлээ. Олон улсын шинжээчдийн өнгөрсөн жил гаргасан дүгнэлтээр авлигын индексээр 121-д бичигдлээ. Миний үед 120-оос таван жил дараалан уруудаж 72-т жагсаж байлаа. Хэрэв энэ индексээр манай улс 20 луу орж ирсэн бол би чамд алга таших байсан юм.

Надад чамайг ярих улс төрийн зорилго алга. Чиний худал яриа Монгол Улсыг муухай харагдуулж байна.

Өөрийн хийсэн нэвтрүүлгээ 14 телевизээр цацуулахыг хараад манай хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт олон улсад уналаа.

Чиний энэ ухуулгын бүдүүлэг халдлага манай эрх чөлөөт байдлыг, Монголын нэрийг ямар ч дайснаас илүү сүйдэлж байна. Монголд ардчилал бол зөвхөн улс төрийн тогтолцооны асуудал биш. Энэ бол манай улсын тусгаар тогтнол, бие даасан байдалтай дүйцэхүйц ойлголт юм.

Ямар ч дайсан Монголд ийм аюул учруулаагүй. Харин Ерөнхий сайд нь санаатайгаар, зохион байгуулалттайгаар халдаж байна.

"Л.Оюун-Эрдэнэ өөрчлөлтийн гарчгийг ашиглаад агуулгыг нь хаясан"

УИХ-ыг 126 гишүүнтэй болголоо гээд манай улсад сайн зүйл болохгүй. Энэ бол эрх баригч Л.Оюун-Эрдэнийн хулгайн бүлэглэл олны олонд дулдуйдаж сандал суудалтайгаа үлдэх зальт арга юм. Намын жагсаалтаас гадна тойрогт хэн эхэнд нь жагсах вэ гэдэг зодоон болно. Намын даргын эрх улам төвлөрнө.

Энэ бүгд түүнийг улам аймхай, хоёр нүүртэй, худалч болгоно. Тэр бидэнд аюултай дайсны тухай үлгэрээ ярьсаар өнгөтэй өөдтэй бүхнийг минь хулгайлсаар байх болно.

Харсан юм шиг хэлье. Ард түмэнд ямар ч эрх мэдэл очихгүй, бүсчилсэн хөгжил ирэхгүй. Бүрэн эрхээр халхавчилсан баахан идэж уусан улс төрчдийн тоо л нэмэгдэнэ. 

Л.Оюун-Эрдэнэ өөрчлөлтийн гарчгийг ашиглаад агуулгыг нь хаясан. 

Чамд бусдаас ялгарах хоёр юм бий. Хэмжээгүй их хулгайн мөнгө, тэр мөнгөөр угждаг тоймгүй олон шулам. Хууртсан, арга ядахдаа чиний бохир мөнгөнд гар сарвайсан хүмүүс нэг өдөр чиний эсрэг босно. 

"Үндэсний баялгийн сан" байгуулна гэж ярьж байна. Уг нь анх 2014 онд энэ сангийн тухай хуулийг УИХ-аар оруулж батлуулсан юм. Ирээдүй үедээ өр биш өв үлдээе гэсэн санаачилга байлаа. Өмнөх байдлаараа явсан бол 16 их наяд төгрөгийн хадгаламжтай сан байх ёстой.

Энэ этгээд тэр бүрдэж байсан хадгаламжийг КОВИД-оор дамжуулж хууль зөрчин, хулгайлсан. 

Одоо ичихдээ тэр хуулийг хагас дутуу хуулаад баялгийн биш авлигын сан болгож энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцүүлэн, жүжиг тоглож байна.

Л.Оюун-Эрдэнэ ээ, би чиний тархинд удаан оршино, түрээсгүйгээр, чи мөрөөдлийн суудалдаа миний нэрээр хүрсэн, чи үхсэн карьераа миний нэрээр хадгалж байгаа. Миний нэр бол чиний библи.

"Л.Оюун-Эрдэнэ бол монгол хүнд хамгийн ээлгүй Ерөнхий сайд"

Ард түмэнд учруулж байгаа зовлонгоо надаар хааж, энэ бузар тархи угаалтад нь хүмүүс хууртана гээд итгэчихсэн. Ардчилсан Монголд үүнээс илүү доромжлол гэж байх уу. Домогт А.Амар сайдын үгийг нэвтрүүлэгтээ ашигласан. 

Москвад буудуулахынхаа өмнө хэлсэн үгийг нь би дотроо үргэлж хадгалж, биширч явдаг. Дараа үедээ захиж хэлж үлдээнэ гэж боддог. Монголын эрх ашгаас урвасан этгээдүүд А.Амар гуайг цаазалсан тэр бусармаг дэглэмийг Монголд дахиж амилуулах гэж хичээсээр байгаа нь нууц биш.

Алагдсан нэгнийг байтугай амьдад нь Монголоо гэх нэгний нэрийг тэд улаан цайм худалдаж иддэг. 

Л.Оюун-Эрдэнэ ээ, чи А.Амар гуайн нэрийг нэвтрүүлэгтээ хэлэхээсээ ичих хэрэгтэй. Чи бол монгол хүнд хамгийн ээлгүй Ерөнхий сайд. Монголын ардчилал, эрх чөлөө, бие даасан байдалд ээлгүй хүн гэвэл чи. 

Харийн даргын өмнө мэдрэл муутай юм шиг тал засдаг мөртлөө монгол хүнд шүд зуудаг. Ийм учраас Л.Оюун-Эрдэнэд дэлхийн монголчууд дургүй.

Хөх толбот монгол хүндээ үзэн ядагдаж үлдэх бол хэн хүний хүсэх өв биш. 

Би Монголдоо хайртай. Гадаадад амьдарч буй монголчууд эх орноо илүү их хайрладаг. Тэд Монголыг хэцүү байхад нь аврал нь болж ирсэн. Одоо ч цаашдаа ч эх орноо зүрхэндээ тээж яваа. Бид хэцүү цагт эх орондоо аврах хантааз нь болно. Хүмүүсийн хэлж, ярьж буйг сонсож байгаа. 

Монголоор л дүүрэн гадагшаа явахын мөрөөсөл болсон хүмүүс. Энэ Засгийн өөрийнх нь хийсэн санал асуулгаар 67 хувь нь боломж л гарвал гадагшаа явах хүсэлтэйгээ илэрхийлжээ. 

Монголчууд бид сайныг бүтээж явсан. Манай эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, авлига нь хоёр оронтой тоогоор багассан, өрсөлдөх чадвар нь цойлсон, иргэд нь мөнгөтэй, дэлхийн гайгүй гэсэн компаниуд биднийг сонирхож явсан үе бий.

Гадаадад байсан монголчууд буцаж эх орондоо ирж байлаа.

Ерөнхий сайд аа, чи ийм байсан орныг ямар болгов? Монгол хүмүүс найман жилийн өмнөхөөс сайн амьдарч байна уу, муу амьдарч байна уу. Үүнийг хүмүүсээс бас өөрөөсөө асуу

Уг нь сонгуульд орох гэж байгаа, найман жил засагласан намын даргад ийм асуулт тавьдаг. Хэрвээ муутгасан бол хариуцлага хүлээдэг. Чи хүнийг суудлаас нь чирч буулгаж явсан. Харин одоо өөрөө өөрийгөө чирч буулгах цаг чинь болжээ. 

Өөр газар бол өчигдөр чиний улс төр дуусна. Чи улс төр хийх тусам улс маань уруудаж байна. Чамайг арилгана гэж улиглах тусам манайд засгийн хулгай, дээрэм нэмэгдлээ. 

Бусад хүн ажиллах тусам ядуурч, дарамтад орж байна. Харин чиний ах дүүс, эргэн тойрны хүмүүс улам баяжиж байна. Чиний улс төр ийм гаж.

Өөрөө Ерөнхий сайд байж шүгэл үлээнэ гэнэ. Төрийнхөө алба хаагчид руу дайрна, ард олон бухимдаж тэмцэхээр төлбөртэй гаруудаа турхирч утгыг нь алдуулна. "Би та нартайгаа хамт" гэж хаалт бамбайн араас жүжиглэнэ.

Монголд аль нэг харь улс аюул тарих нь юу л бол. Харин адгийн шаарууд тэдэнд худалдагдаж, биеэ үнэлж гүйх эрсдэл аль ч үед байсан. 

Чи ирэх сонгуулийг хулгайлах гэж толгойгоо гашилгаж суугаа. Чи ийм хулгайд гаршсан. Хэнд, хэзээ яаж долигонохоо хүртэл тооцсон. Хэнийг харлуулж, үгүй хийхээ ч бас заалгасан. Чи бүхнийг худалдаад авчихсан бас айлгачихсан гэж бардам яваа.

Л.Оюун-Эрдэнэ ээ, чи их сандарвал ахыгаа ч худал гүжирдэнэ. Чиний эргэн тойрныхон ёсзүйтэй бол ард түмнээс дахиж санал гуйх нүүргүй болсон. Чи ард түмэндээ өр, хулгай, ядуурал, дампуурал авчирсан. Чаддаг ганц юм нь миний нэрийг барьж, тархи угаах. Цааш явах тусам чи Монголын дон дээр суух хэрээ болсон" гэж ярилаа. 

https://fb.watch/rkyvv-SkLh/