Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Эрдэнэсайхан: Нэг хийлгэсэн шүдний ломбо нь насан туршийнх юм шиг ойлгодог хүмүүс байна

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны нээлтийн арга хэмжээ Блю скай зочид буудалд өнөөдөр боллоо. 

Монгол хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болсныг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга, нүүр амны эрүүл ахуйч, их эмч Б.Эрдэнэсайханаас тодруулахад дараах зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм. 


"Нэг хүүхдийн аманд дунджаар 3-6 шүд цоорсон байдаг"

зураг
 

Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт, эрчим маш өндөр байна. Үүний гол шалтгаан нь шүдээ хэрхэн арчлах тухай эрүүл мэндийн боловсрол бага байгаатай холбоотой. 

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн үйлчлүүлэгчдийн 70-80 хувийг хүүхдүүд эзэлж, эмчлүүлдэг. 

Тэр дундаа 5-6 настай хүүхдүүдийн өвчлөл маш өндөр хувьтай байгаа нь анхаарал татсан асуудал. Сүүн шүдний зуултын үед өвчлөл 80 гаруй хувьтай байна. 

Тодруулбал нэг хүүхдийн аманд дунджаар 3-6 шүд цоорсон байдаг. Цоорсных нь дараа үзүүлж байгаа нь хоёрдогч урьдчилан сэргийлэлт болно. 

"Хүмүүс нэг хийлгэсэн ломбоо үүрдийнх юм шиг бодож байна"

Шүдийг нөхөн сэргээж, ломбодсоны дараа тэр ломбо нь насан туршийнх юм шиг буруу ойлголт иргэдийн дунд байна. Энэ бол эрүүл ахуйн мэдлэг мэдээлэл бага байгаатай холбоотой.

Нэг хийлгэсэн ломбоо үүрдийнх юм шиг бодож явж байтал гэнэт нөгөө ломбо нь унадаг, хагардаг, цуурдаг. 

Нөхөн сэргээх эмчилгээнд найдсаны оронд цоорохоос нь өмнө ломбодуулахгүй байхад илүү анхаарч, урьдчилан сэргийлэх алхам чухал.

"Зургаан сар тутам заавал шүдний эмнэлэгт хандахыг зөвлөдөг"

Бидний хийсэн маш олон төрлийн судалгаа байгаа. Тухайлбал 15-аас дээш насны иргэд өөрсдийнхөө амны хөндийг хэр сайн мэдэж байгааг судалж үзсэн. 

  • Таны амны хөндийд хэдэн ширхэг шүд цоорсон байна вэ?
  • Хэдэн ширхэг шүд ломботой байна вэ?
  • Хэдэн ширхэг шүд нь авхуулсан, аманд тань нийт хэдэн шүд үлдсэн бэ? гэдгийг сонирхолтой байдлаар асууж судаллаа. 

Гэтэл асуумж судалгааны хариулт болон эмчийн бодит үзлэгийн дүгнэлт газар тэнгэр шиг ялгаатай байсан. 

Хувь хүн өөрийнхөө амны хөндий дотор хэдэн шүд байгаа, ямар асуудал үүссэнийг мэдэхгүй тохиолдолд мянга сайн угаагаад нэмэргүй. Тиймээс зургаан сар тутам заавал шүдний эмнэлэгт хандахыг зөвлөдөг. 

"Хийжүүлсэн ундаа, жүүс хоёр ялгаагүй сахарын агууламж өндөртэй" 

Хооллолтдоо анхаарах нь суурь хүчин зүйл болно. Сүүлийн жилүүдэд чихэрлэг ундааны хэрэглээ ихсэж байна. Манайхан хийжүүлсэн ундаа, жүүс хоёрыг ялгаатай гэж ярьдаг. 

Яг үнэндээ жүүс ч шүд цоорох өвчинд нөлөөлнө. Гэтэл “Би хүүхдэдээ огт хийжүүлсэн газтай ундаа уулгадаггүй, зүгээр л жүүс өгдөг” гэж эцэг, эхчүүд хэлдэг. 

Сахарын агууламж ижилхэн нөлөөтэйг сайтар ойлгох хэрэгтэй байна.

"Найман нас хүртэл хүүхдийн гарны бичил булчингууд хөгжөөгүй байдаг тул шүдээ өөрөө сайн цэвэрлэж чадахгүй"

0-8 нас хүртэлх хүүхдийн шүдийг эцэг эх, асран хамгаалагчид нь заавал өөрсдөө угааж өгөх шаардлагатай. 

Яагаад гэвэл найман нас хүртэл хүүхдийн гарны бичил булчингууд, яс төдийлөн сайн хөгжөөгүй байдаг. Хүүхэд өөрийнхөө шүдийг бүрэн гүйцэд угаах техникийн чухал хөдөлгөөнүүдийг хийж чадахгүйгээсээ болоод шүдээ дутуу угааж байна. 

Томчуудын зүгээс хүүхдээ "Шүдээ угаасангүй" гэж буруутгадаг. Эсрэгээрээ томчуудын тусламжтайгаар амны хөндийгөө арчлах нь чухал байна. 

"Шүдний паалангийн бүтэц ганцхан зүйлд тэсвэргүй. Тэр нь хүчил"

Хоол идсэний дараа амны хөндийн орчин хүчиллэг болж байдаг. Өөрөөр хэлбэл ходоодноос хүчил ялгарснаар амны хөндийн орчин хүчиллэг болж байна гэсэн үг.

Ихэнх хүн зөвхөн ундаа уугаад л амны хөндий хүчиллэг болно гэж ойлгоод байгаа. Гэтэл бүх төрлийн хоол тодорхой хэмжээнд хүчиллэг болгодог.

Бидэнд давтамж гэдэг зүйл чухал. Та өдөрт гурван удаа хооллодог бол гурван удаа таны амны хөндийн орчин өөрчлөгдөж байна гэсэн үг.

Гэтэл өглөө, өдөр, орой бүх цагт нь чихэр идээд маш өндөр хэмжээгээр амны хөндийн орчноо хүчиллэг болговол цоорно. Шүдийг хамгаалж байгаа гол бүтэц бол паалан. Энэ паалангийн бүтэц нь ганцхан зүйлд тэсвэргүй. Тэр нь хүчил. Үүнээс бусад бүх зүйлд тэсвэртэй.

Хүчлийн нөлөөгөөр паалан хайлдаг. Ингэснээрээ шүд цоорох өвчин үүсээд байгаа.

"Цоорсон шүд 200 гаруй өвчлөлийг үүсгэж байна"

Шүд эрүүл бол бие эрүүл гэж ярьдаг. Бие рүү орж байгаа бүхэн ганцхан амны хөндийгөөр дамжиж байгаа.

Амны хөндийн орчин буюу гол үүд хаалга нь өөрөө бохир байгаа тохиолдолд идэж байгаа эрүүл хоол хүнс цааш бохирлогдож орно. Тийм учраас бидний бүх эрхтэн тогтолцоонд шүдний цоорлын бактериуд очиж нөлөөлөөд өвчлөл үүсгэх эрсдэлтэй. 

Цоорсон шүд 200 гаруй өвчлөлийг үүсгэж байна гэдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг. 

"Кофе уугаад 15-20 минут болсны дараа шүдээ тогтмол угаахыг зөвлөе" 

Кофе, өтгөн цай болон тамхины хэрэглээнээс болоод шүд шарлаж, чулуужиж, өнгөр үүсдэг.

Өөрийнхөө эрүүл мэндэд зохистой тунгаар кофе ууж болно. Тэгвэл уусныхаа дараа амны хөндийн арчилгаанд юуг анхаарах ёстой вэ?

  • Нэгдүгээрт кофе уугаад 15-20 минут болсны дараа шүдээ тогтмол угаах 
  • Хоёрдугаарт шүдээ угаах боломжгүй тохиолдолд ядаж амаа усаар зайлах шаардлагатай.
  • Гуравдугаарт шүдэндээ хүргэхгүйгээр ууя гэвэл соруул хэрэглэхийг зөвлөдөг.

Мөн шүдний эмчийн хяналтад үзүүлэх тоолондоо өнгөлгөө, цэвэрлэгээг тогтмол хийлгэвэл кофе, цайнаас үүдэлтэй өнгөрүүдийг цэвэрлэх боломжтой. 

"Хэрэв агт арааны хоршил хэвийн, зайндаа асуудалгүй багтаад ургасан бол авхуулах шаардлагагүй"

Агт араа нь буруу ургалттай, саатсан, ургах боломжгүй, шүдний эгнээндээ багтахгүй байгаа эсвэл цоорлын хүндрэл үүссэн тохиолдолд авхуулах заалттай.

Агт араа нь шүдний эгнээний хамгийн ард байрладаг. Улмаар шүдээ угааж цэвэрлэхэд сойз хүрэхгүйгээс болоод ургасны дараа амархан цоорох эрсдэл бий.

Хэрэв агт арааны хоршил хэвийн, зайндаа асуудалгүй багтаад ургасан бол авхуулах шаардлагагүй.

Харин хоршил буруу, зайндаа багтаж ургаж чадахгүй эсвэл цоорч хүндрээд үрэвссэн, өөрт нь өвдөлттэй бол авхуулахад асуудалгүйг Нүүр амны эрүүл ахуйч, их эмч Б.Эрдэнэсайхан зөвлөж байлаа.