Уншиж байна ...
Зураг
Зураг

СУДАЛГАА: Гэр бүлтэй адилтгах харилцаатай буюу хамтран амьдрагчид Улаанбаатарт давамгайлж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Даваа гарагт болсон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, бүтэц, хэв шинжийн талаарх 2018 онд хийсэн судалгаагаа Улаанбаатар их сургуулийн доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ танилцуулсан юм.

Уг судалгаанд 10 аймаг, 30 сум, нийслэлийн зургаан дүүргийн 62 хорооны нийт 2,016 өрх хамрагдсан байна.

Судлаачид монгол гэр бүлийн бүтцийг статистикийн албан ёсны тоо баримтууд болон урьд өмнө хийгдсэн суурь судалгаанд суурилан дан буюу эцэг эх, үр хүүхдүүдээс бүрдсэн, нийлмэл буюу өргөжсөн, ургийн хэд хэдэн үеийнхэн хамтдаа амьдардаг, өрөөсгөл буюу эцэг, эхийн аль нэг нь хамт амьдардаггүй гэр бүл гэж ангилжээ.

зураг
 

Насны ангиллын хувьд ахмад, дунд, залуу гэр бүл гэж авч үзэхэд ахмад настай гурван гэр бүл тутмын нэг нь өрөөсгөл, дөрвөн гэр бүл тутмын нэг нь нийлмэл гэсэн дүн гарчээ.

Гэр бүлтэй адилтгах харилцаатай буюу хамтран амьдрагчдын эзлэх хувь 13.5 байгаа бөгөөд нийслэлд давамгайлж байгааг судлаач хэлж байлаа.

Гэр бүлийн уламжлал, үнэт зүйлийг тодруулах зорилгоор нэн шаардлагатай зүйлсийн эрэмбийг 2010 оны судалгаатай харьцуулан гаргасан байна. Энэ тухай асуултад судалгаанд оролцогчид доорх байдлаар хариулжээ.

зураг
 

Монгол гэр бүлийн доторх харилцааны хэв шинжийг нэгдэл нягтралын (салангид, нэгдмэл) байдлаар авч үзэхэд 50 хувь нь салангид, 19 хувь нь тусгаарлагдсан байдалтай бол 25 хувь нь нэгдмэл, зургаан хувь нь өндөр түвшний нэгдмэл гэсэн дүн гарчээ.

Харин дасан зохицох чанарын (тогтсон болон уян хатан) байдлаар авч үзэхэд 73 хувь нь хөшүүн, 20 хувь нь уян хатан хэмээн дүгнэгджээ. Эдгээрээс монгол гэр бүлүүдийн 91.3 хувь нь дунд түвшний тэнцвэртэй гэр бүлийн төрөлд хамаарч буй нь харагдсан бөгөөд ийм гэр бүлүүд өөрчлөлтөд дасан зохицох чадвартай ч харилцаа холбоо тааруу, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг гэсэн дүгнэлтийг судлаач нар хийжээ.

Дээрх судалгаагаар хосуудын харилцаа, гэр бүлийн доторх эрх мэдлийн хуваарилалт, үүрэг, хариуцлага, түүний тэнцвэр, хүүхдийн хүмүүжилд хэрэглэдэг аргууд, нөлөөлдөг зүйлс, эцэг, эхийн оролцоо, тэдний боловсролын түвшин, амьдралын хэвшил, зуршил, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн нөлөөллийг хүртэл авч үзсэн байна.

Гэр бүл салахад нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг судалгаанд оролцогчид анхаарал халамж дутагдах, эрүүл мэндийн байдал, гэр бүлийн хүчирхийлэл гэхчлэн нэрлэсэн бол бодит шалтгаануудыг үзэл бодлын зөрчил, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа гэхчлэн дурдсан байна.

Доктор Б.Оюун-Эрдэнэ танилцуулгаа дүгнэхдээ монгол гэр бүлийн төр засгаас зохицуулалт, дэмжлэг хүссэн гол асуудал бол хөдөлмөр эрхлэх боломжийг өсгөх, орлого нэмэгдүүлэх явдал гээд төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, хөгжлийн болон дэмжин туслах үйлчилгээг бий болгож, гэр бүлийн амьдралын мөчлөг бүрийн хэрэгцээнд суурилан хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм.

Тэрбээр гурван гэр бүл тутмын нэг нь санхүүгийн, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг өгүүлж, хуулийн хэрэгжилт, түүний шударга байдлыг иргэд урьд өмнөхөөс илүүтэй хүсэмжлэх болсныг тэмдэглэв.