Уншиж байна ...

М.Хас-Эрдэнэ: ЭЕШ-даа 800 оноо авсны дараа аав маань "Хүүгээрээ бахархаж байна" гэж хэлснийг одоо ч бодоход сайхан байна

Б.Хонгорзул, iKon.mn
2024 оны 4 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Энэ жилийн Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ыг долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсныг Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцуулсан билээ. Ийнхүү төгсөх ангийн сурагчдын хувьд ерөнхий суурь чадвар, мэдлэгийн түвшингээ шалгуулах чухал үе ирээд байна.

2021 онд Математикийн хичээлийн ЭШ-аар нийслэлийн хэмжээнд 10 хүүхэд 800 оноо авчээ. Тэдний нэг болох М.Хас-Эрдэнэтэй шалгалтад бэлдэх арга барилаас нь хуваалцах зорилгоор ярилцлаа. Тэрбээр одоо Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн программ хангамжийн ангид 100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг.

- Элсэлтийн шалгалтад бэлдэхдээ хэрхэн гол зүйлдээ төвлөрч сандралаа даван туулж байсан бэ?

- Дунд ангиасаа математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцсан болохоор айж сандрах зүйлгүй өөртөө итгэлтэй байсан. Анхандаа 700 оноо давчихвал л болно гэсэн бодолтой бэлдэж эхэлж байлаа. Тэр үед сайн төвлөрөхийн тулд номын санд бүртгүүлэн өдөр бүр Ш.Сарангэрэлийн "6000 тест" математик бодлогын ном мөн ЭЕШ-800 ухаалаг утасны аппликэйшн ашиглан шалгалтдаа бэлддэг байсан.

- 800 оноо авсны дараа ямар давуу тал, боломжууд гарч ирсэн бэ?

Өөрийн сонгосон мэргэжлээрээ хүссэн их сургуульдаа шууд орох боломжтой болсон. Мөн "Мон-Ложистик" Холдинг ХХК-ийн "Future CEO" хөтөлбөрт сонгогдож дөрвөн жилийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг маань 100 хувь даасан.

Нэгхэн оноо л дутуу авсан бол юунд ч санаа зоволгүй одоогийнх шигээ суралцах боломж гарч ирэхгүй байсан гэж боддог.
зураг
 

- Амжилт бүрийн ард урам өгч зоригжуулдаг хэн нэгэн байдаг шүү дээ. Чамайг зоригжуулж урам өгдөг байсан хүн чинь хэн байсан бэ?

- Намайг харах болгондоо л манай ээж "800 оноо авах хүүхэд, 800 оноо авч чадна аа миний хүү" гэдэг байсан. Өдөр болгон сонсоод байхаар нээрээ би яагаад чадахгүй гэж бодогдох болсон. 

- Анх оноогоо хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ. Багш болон гэр бүлийнхэн нь их баярласан байх даа?

- Шууд дамжуулалтаар 100 хувийн гүйцэтгэлтэй 800 оноо авсан байна гэдгээ хараад маш их баярласан. Ардаас нь ангийнхан болон багш нар ээлж дараалан залгаж баяр хүргэж байсан. Гэр бүлийн маань хувьд орой нь бялуу авчирч, ээж маань нулимс цийлгэнүүлэн баяр хүргэж байсан.

Харин манай аав хэр барагтай сайн байна, болж байна гэж хэлдэггүй байсан юм. Тэгтэл өөрийн нүүр хуудсандаа миний 800 онооны зургийг "Хүүгээрээ бахархаж байна" гэсэн тайлбартай нийтэлсэн байгааг хараад нүдэндээ ч итгээгүй. Одоо бодоход ч гоё мэдрэмж төрж байна.

- Энэ жил элсэлтийн шалгалт өгөхөөр бэлдэж байгаа төгсөх ангийн сурагчдад зориулан зөвлөгөө өгнө үү?

- Аль болох өөртөө дарамт өгөхгүйгээр тогтсон цагт бэлдэх хэрэгтэй. Мөн ямар нэг томьёог сурсан гэж бодож байвал тэр зүйлээ бусдад зааж өгвөл илүү сайн ойлгож тархинд үлддэг.

Шалгалтын өмнөх өдөр нь сайн нойроо авч хурдан шингэдэг хоол хүнс хэрэглэж өглөө нь дэвтэр номоо сөхөлгүй тархиа амраасан нь дээр. Бас нөлөөлсөн үгүйг нь мэдэхгүй ч шалгалтад орохынхоо яг өмнө нь хоёр нүд хар шоколад идсэн. Харин шалгалт эхэлсэн үеэр бол эхлээд бүх асуултаа сайн уншаад баттай мэддэг, хийж чадна гэсэн зүйлээ түрүүлж хийгээд дараагийнх дээр дунд зэрэг мэдэж байгаагаа хийгээд цаг үлдвэл хэцүү асуултуудаа сайн нухах хэрэгтэй. 

- Ярилцсанд баярлалаа.