Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерыг үндэслэгч Жэк Дорсигийн тухай сонирхолтой 7 баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Жэк Дорси бол 37 настай, Twitter, Square компаниудыг үндэслэгч гоц ухаантан залуу. Өнгөрсөн жил Square компанийх нь үнэлгээ 3 тэрбум долларыг давсан учир тэр тэрбумтнуудын жагсаалтад орох болсон билээ.

Түүнийг технологийн салбарын агуу хүмүүсийн нэг гэж үздэг ба домогт Стив Жобстой хүртэл харьцуулдаг юм. Саяхан тэр CBS телевизийн 60 минутын ярилцлаганд оржээ. Энэ ярилцлага дундаас олж авсан сонирхолтой долоон баримтыг дэлгэж байна.

  1. Түүнд ширээ байдаггүй. Ширээний оронд тэр iPad хэрэглэдэг.
  2. Жэк багадаа хэл ярианы доголдолтой байжээ. Одоо ч гэсэн тэр ярихдаа тийм ч сайн биш. Хүмүүсийн яриа таагүй болох үед тэр дуугаа хураачихдаг.
  3. Жэк хүүхэд байхдаа галт тэрэг, түүний замын зураг зэрэгт тун сонирхолтой байжээ. Өсвөр насандаа тэр газрын зураг дээр яаралтай тусламжийн машин явах замын зураглал бүтээж байжээ.
  4. Мөн тэр цагдаагийнхны мэдээлэл солилцдог холбоо харилцааг их сонирхож сонсдог байж. “Тэд үргэлж л хоорондоо хаана яваагаа, юу хийж байгаагаа, хаашаа явж байгаагаа ярилцдаг байсан. Эндээс Twitter бүтээх санаагаа анх олж авсан” гэжээ.
  5. Жэкийг “юмтай” гэлцэхэд бага зэрэг гомддог. Саяхан Форбс сэтгүүлд түүнийг “юмтай нөхөр” гэж бичсэн гэнэ. Хэдийгээр мэргэжилдээ хэт донтсон гэдэг эерэг утгаар ашигласан ч гэлээ Жэкд төдий л таатай санагдаагүй гэнэ. “Үүнийг би доромжлол гэж ойлгосон. Бүр намайг Стив Жобсоос илүү юмтай гэсэн байсан. Намайг программист болохоор л тэгсэн байх” гэж ярьжээ.
  6. Ажилтнууддаа урам зориг өгөх гэж тэр тэднийг Голден Гэйт гүүр рүү аваачдаг. Тэр сайн програм хангамж яг л гүүр шиг ажилладаг байх ёстой гэдэг. Түүнийг бүтээсэн технологийн талаар хүмүүс мэдэх шаардлагагүй. Зүгээр л энгийн ойлгомжтой байх хэрэгтэй. “Гүүр бол инженерийн болон урлагийн цогц бүтээл. Харин хүмүүсийн хувьд энэ нь өдөр тутам зорчдог ердийн хэрэглээ” гэжээ.
  7. Жэкийг 19 настайд тэднийх анх Манхэттэн руу нүүсэн байна. Тэгэхэд тэр хэзээ нэгэн цагт энэ хотын дарга болно гэж бодож байжээ. Нью Йоркд ирээд яг л шуурган дунд машин дотор сууж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн. Эргэн тойрон амьдрал буцалж, доргиж байвч би машиндаа айх аюулгүй сууж байж болдог газар шиг санагдаж билээ гэжээ.