Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эхний хүн тархиндаа чип суулгуулсныг Илон Маск зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өөрийнх нь үүсгэн байгуулсан Neuralink Corp компанийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд эхний хүн тархиндаа амжилттай чип суулгуулсныг тэрбумтан Илон Маск саяхан зарлажээ.

Тэрбээр туршилтад сайн дураараа оролцож буй эхний хүний биеийн байдал хагалгааны дараа түргэн сайжирч, үр дүн сайн байгааг X хуудсандаа мэдээлсэн байна.

Тархи, нугасны гэмтлийн улмаас хөдөлгөөний бэрхшээлтэй болсон хүмүүст Neuralink компанийн хөгжүүлсэн чипийг суулгах юм. Ингэснээр өвчтөний бодол санааг чип ойлгож, эрхтнүүдэд нь дамжуулснаар хөдөлдөг болно. Өөрөөр хэлбэл уг чип нь хүний биеийн тасарсан хэлхээ холбоог нөхөх үүрэгтэй.

Өнгөрсөн оны тавдугаар сард тус компани АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газраас хүн дээр туршилт явуулах зөвшөөрөл авсан юм.

Дараа нь Neuralink туршилтад оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлжээ.

Илон Маск энэхүү чипээ “Telepathy” гэж нэрлэхээр болсныг сая зарласан байна.

Уг бүтээгдэхүүний тусламжтайгаар “хүн зөвхөн бодлоороо компьютер, гар утас, тэдгээрт холбогдсон өөр ямар ч тоног төхөөрөмжийг удирдаж болно” гэж Маск тайлбарлажээ.

Эхний ээлжид хөдөлгөөний бэрхшээлтэй өвчтөнүүд шинэ бүтээгдэхүүнийх нь хэрэглэгчид болох гэнэ.

“Стивен Хокинг түргэн бичээч, эсвэл дуудлага худалдаа зохион байгуулагчаас илүү хурдтай харилцаж чаддаг болно гэж төсөөлөөд үз дээ. Энэ бол бидний зорилго юм” гэж тэр бичжээ.

Neuralink өмнө нь тархины чипээ амьтад дээр туршиж байсан юм.

Эдгээр туршилтын үеэр сармагчнууд бодол санаагаараа компьютер тоглоом тоглож үзүүлж байв.

Neuralink компанийн бүтээсэн чип хүний тархинд 2 мм гүн суудаг. Ингэж суурилагдсан чип тархины дохиог компьютерын тоон дохио болгон хувиргадаг юм.

Зөвшөөрлийн дагуу тус компани эхлээд бүтээгдэхүүнээ 5-10 хүнд зургаан сарын хугацаанд турших ёстой. Үүний үр дүнгээс хамааран цаашдын алхмуудыг төлөвлөх юм.

 

Эх сурвалж: Bloomberg