Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сургуульд сурсан жил бүрийн тоогоор хүний нас уртасдаг нь тогтоогджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын болон их сургуульд сурсан жил бүрийн тоогоор хүний нас уртасдаг гэсэн дүгнэлтийг хэсэг судлаачид гаргажээ.

АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнууд болон Хятад, Бразил зэрэг хөгжиж буй орнуудыг хамруулсан судалгааны үр дүнгээс сургуульд суралцсан жил бүр хүний нас барах эрсдэлийг 2 хувиар бууруулдаг нь тогтоогдсон байна.

Бага, дунд, дээд боловсролын сургуульд суралцах нь насан туршдаа эрүүл хооллосонтой тэнцэх ач холбогдолтой бөгөөд албан ёсны боловсролгүй хүмүүстэй харьцуулахад нас барах эрсдэлийг 34 хувиар бууруулдаг нь харагджээ.

Норвегийн Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль, АНУ-ын Сиэтл хотын Вашингтоны Их сургуулийн мэргэжилтнүүдийн боловсруулсан энэхүү судалгааны тайлан өчигдөр “The Lancet Public Health” анагаах ухааны сэтгүүлд нийтлэгдсэн юм.

Эсрэгээрээ ямар ч сургуульд сураагүй хүмүүс арван жилийн турш өдөр бүр таваас дээш удаа согтууруулах ундаа уух, эсвэл өдөр бүр 10 ширхэг тамхи татсантай тэнцэх хор хөнөөлтэй гэж дүгнэжээ.

Өмнө нь боловсролын түвшин болон хүний наслалтын хамаарлыг харуулсан судалгаа хийгдэж байсан ч энэ удаагийн ажил энэ хамаарлыг тоогоор илэрхийлж чадсанаараа онцлог юм байна.

Боловсролтой байх нь нийгмийн харилцааг өргөжүүлж, мэдээллийг зөв боловсруулж, зөв сонголт хийх, зөв шийдвэр гаргахад нөлөөлдөг нь эрүүл саруул, урт удаан амьдрах нөхцөл бүрдүүлдэг гэж судлаачид дүгнэжээ.

 

Эх сурвалж: The Guardian