Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд ээрэх нь мэдрэлийн гэмтлийн нэг хэлбэр

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ээрэх нь мэдрэлийн гэмтлийн нэг хэлбэр юм. Хэрэглэж буй үгийн бүтцээс хүүхдийн ээрэх нь ихээхэн хамаарна. Хэдий чинээ урт төвөгтэй үг байна, төдий чинээ их ээрнэ. Зан аашийн төлөв мөн хамааралтай. Хүүхдийн өөртөө итгэлгүй байдал, сэтгэл хөдлөл хэт бага эсвэл хэт их, бүрэг байдал, хэт эмзэг байдал зэрэг нь нөлөөлдөг.

Заримдаа хүүхэд унтсан ч бат бөх унтаж чаддаггүй шөнө зүүдэлж сэрэх, зүүдэндээ хашгирах, байн байн сэрэх, түүний гараас барихыг гуйдаг. Энэ нь шөнө хар дарж зүүдэлсэнтэй холбоотой. Ингэж сэрсэн хүүхэд зүүдэндээ таарсан аймшгийн юмаа олж харсан мэт харцаар харанхуй руу ширтэх, чичрэх, утга учиргүй үг хэлэх /айгаад байна, битгий намайг орхиоч гэх мэт/ зэрэг үйлдэл хийдэг.

Ээрүү болохоос урьдчилан сэргийлэх арга бол сэтгэлийг нь тайван байлгах

Гэр бүлийн уур амьсгал чухал

Маш ихээр айсан үед үг ярианд нь өөрчлөлт орж ээрдэг. Хүүхдийн ээрэлт нь гэр орны уур амьсгал, эцэг эх хоорондын харьцаатай холбоотой байж болно. Дэргэд нь байнга маргалддаг, архи уудаг, гэр орондоо тайван бус байдаг, чанга хашгиран хэрэлдэх, зодолдох зэрэг нь хүүхдийн мэдрэлд шууд нөлөөлж ээрүү болох үндэс тавигддаг. Хүүхдийнхээ эд эрхтэнг /хэл яриа орно/ эрүүл, зөв хөгжүүлэхийн тулд эхийн хэвлийд байх үеэс анхаарна. Үүний тулд эмэгтэйчүүд болон бусад мэргэжлийн эмчийн зөвлөгөөг тогтмол авч, өгсөн зөвлөгөөг дагаж байх шаардлагатай.

3-4 насанд хэл яриаг нь зөв хөгжүүл

Дараачийн шат нь хүүхэд бүрэн гүйцэт хэлд орох үед /3-4 нас/ нь түүний хэл яриаг зөв хөгжүүлэх явдал юм. Ээрүү болохоос урьдчилан сэргийлэхийн  тулд хамгийн анхан шатны шаардлага болох сэтгэл мэдрэлийг нь тайван байлгах /цочоохгүй, уурлуулахгүй, гомдоохгүй, тайван амрааж унтуулах/-ыг зорих хэрэгтэй. Биеийн ерөнхий байдлыг сайжруулж тэсвэржүүлэх болон тайвшруулах эмчилгээнүүд нь хэвийн байдалдаа эргэн ороход үр дүнгээ өгдөг.

Гэр орны эвтэй найртай уур амьсгал, тайван амьдрал, эцэг эх хоорондын найрсаг харилцаа, нойр, хоолны зөв дэглэм, өдөр бүр салхинд гарч зугаалдаг байдал, үе тэнгийнхэн болон томчуултай зөв харьцаж сургасан байдал нь бие бялдрын болон хувь хүний зөв төлөвшил, хүүхдийн зан ааш тогтворжих, хатуужих зэрэгт эерэгээр нөлөөлж хүүхэд ээрэхгүй байх нөхцөл болдог.

Айлгаж тоглохыг хатуу хоригло

Хүүхэд хүн болон төлөвших явц нь алхам алхмаар урагшилдаг ба бусадтай өрсөлдөх, уралдах байдлаар шахаж хүмүүжүүлэх нь учир дутагдалтай. Байн байн цирк, зоопарк явах, удаан хугацаагаар телевизор үзүүлэх зэрэг хэт ачаалалд оруулах нь буруу. Сэтгэл зүйн болон хэл ярианы хөгжилд саад учрах, хэт хурдан ярих зэрэг тохиолдолд мэргэжлийн эмчид хандаарай. Хүүхдийг айлгах аргаар хүмүүжүүлэх, сэтгэл зүйд нь нөлөөлөхүйц аргаар шийтгэх, айлгаж тоглох зэргийг хатуу хориглоно. Ямар ч тохиолдолд хүүхдийн бяцхан оюунд аймшгийн үр суулгаж болохгүй.

Мэдээллийг хамтран бэлтгэсэн. Эрүүл мэндийн яам