УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр бүртгэж тэдний санал хэлэх, өгөх эрхийг нь журамлах болсонтой холбоотойгоор гишүүд өнөөдөр багагүй бантагнаж байна.
Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах чухал асуудал хэлэлцэх гэж байхад УИХ-ын чуулганы танхимын тоног төхөөрөмжүүд доголдолтой байж болохгүй гэж МАН-ын бүлэг УИХ-ын нэгдсэн чуулганаас хоёр хоногийн завсарлага авсан билээ.
С.Бямбацогт:Хэрвээ бидний гаргаж буй санал санаачлагыг хүлээж авахгүй бол бид магадгүй та бүхний ярьж байгаа УИХ-ыг тараах асуудлыг сөхөхийг үгүйсгэхгүй.
Энэ талаараа тэд хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хуралд оролцсон Ц.Нямдорж гишүүн хэлэхдээ “Өнөөдөр миний чуулган дээр хэлсэн УИХ-ыг тараая гэдэг үг нь УИХ өнөөдөр ийм хэмжээнд хүрчээ гэдгийг илэрхийлсэн. Намайг УИХ-ыг удирдаж байхад ийм хариуцлагагүй үйлдлүүд гардаггүй байсан. Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан даргын үед ч УИХ ийм хэмжээний асуудал гарч байгаагүй” гэлээ.
Харин сэтгүүлчдийн “УИХ-ыг тараах эрх танай бүлэгт байгаа шүү дээ” гэсэн асуултад МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид сөрөг хүчин гээд бүх асуудлыг гацаах биш бүтээлч бүлэг байх ёстой гэсэн зарчимтай ажиллаж байгаа. Бид тухайн цаг үе бүрт асуудалтай зүйл дээр санал санаачлага гаргаад явж байгаа. Хэрвээ бидний гаргаж буй санал санаачлагыг хүлээж авахгүй бол бид магадгүй та бүхний ярьж байгаа УИХ-ыг тараах асуудлыг сөхөхийг үгүйсгэхгүй” гэсэн юм. Гэхдээ энэ асуудлыг бүлгийн хэмжээнд ярилцаж шийдэх ёстой гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид онцолж байлаа.
Ц.Нямдорж ярихдаа “УИХ-ын АН-ын бүлгийн гишүүдийн бараг тал хувь нь сайд болчихсон. Өөрсдөө УИХ-ын үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадваргүй болсон” гэв.
"С.Бямбацогт гишүүн дэндүү гэнэн байна"
МАН-ын бүлгийн дараа АН-ынх залгуулаад хэвлэлийн хурал хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “УИХ-ын гишүүдийн хурууны хээгээр бүртгэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөлийн хурлаар даргын эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу шийдсэн” гээд энэ тухай хуулийн төслийг удахгүй батлах талаар ярьсан юм.
Д.Эрдэнэбат: Ц.Нямдорж гишүүн "УИХ-ыг тараая" гэж хэлсэн мэдэгдэл нь хариуцлагагүй үйлдэл болсон
Тэрбээр ганцхан техник, технологитой холбоотой асуудлаар С.Бямбацогт гишүүн завсарлага авч байгаа бол дэндүү гэнэн байна гэж хэллээ.
Учир нь өнөөдөр, маргааш хэлэлцэх ёстой нийтдээ 14 асуудлыг бүгдийг нь МАН ингэж гацааж болохгүй. Засгийн газрын сайд нарыг огцруулах эсэх асуудлыг УИХ долоо хоногийн дотор шийдэх ёстой гэсэн хуулийн заалтаа биелүүлэхийг МАН-ын бүлгээс хүслээ.
Харин Ц.Нямдорж гишүүн сайд нарын асуудлыг шийдэх бус хэлэлцэж эхлэх нь долоо хоногийн дотор байх ёстой гэж андуурчээ.
Мөн Д.Эрдэнэбат дарга Ц.Нямдорж гишүүн "УИХ-ыг тараая" гэж хэлсэн мэдэгдэл нь хариуцлагагүй үйлдэл болсон талаар онцолж хэллээ. Учир нь УИХ-ыг тараах шийдвэр нь нийт гишүүдийн гуравны хоёрт байдаг. Энэ бүх гишүүдийн өмнөөс ийм мэдэгдэл хийх нь маш хариуцлагагүй үйлдэл юм гэлээ.
Дээрх асуудалтай холбоотойгоор УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийсэн юм. Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэлэхдээ “Бид өнөөдөр өглөөний хуралдааны дараа УИХ-ын чуулганы танхимын техниктэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдөр 14.00 цагаас хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой.
УИХ-ын чуулганы танхимын техниктэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэсэн. Өнөөдөр 14.00 цагаас хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой.
Гэхдээ УИХ-ын даргын зөвлөл хурууны хээгээр санал өгөх, асуулт асуух зэрэг шинэ журмыг хууль нь батлагдтал хуучин журмаар явуулахаар болсон” гэлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ч 14.00 цагаас МАН-ын бүлгийг хуралдаандаа орж хурлаа үргэлжлүүлэхийг хүслээ.
Харин заргаа авсан МАН ямар шийдвэх гаргах бол?!...
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!