Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ажиллахад хамгийн таатай компаниуд, тэдгээрийн 4 нууц

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Компаниудын ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлдэг Glassdoor компани жил бүр тухайн жилийн хамгийн их ажиллахад таатай компаниудыг шалгаруулдаг. Ингэхдээ тухайн компаний ажилтнуудаас авсан судалгаан дээр үндэслэдэг юм. Тэгвэл 2014 онд аль компаниуд хамгийн их эрэлттэй байхыг гаргасан байна. Мөн тэдний яагаад ийм амжилттай байгааг нэгтгэж дүгнээд 4 нийтлэг шинж чанарыг нь тодорхойлжээ.

2014 онд хамгийн эрэлттэй байх эхний 10 компани:

  1. Bain & Company (management consulting)
  2. Twitter (Social media)
  3. LinkedIn (Social media)
  4. Eastman Chemical (chemical production)
  5. Facebook (Social media)
  6. Guidewire (Software)
  7. Interactive Intelligence (Software)
  8. Google (IT fields)
  9. Orbitz Worldwide (Software)
  10. Nestle Purina PetCare (Food)

Тэгвэл эдгээр компаниудыг ямар хүчин зүйл ийм эрэлттэй болгож байна вэ?

     1.  Байгууллагын хүчтэй соёл, учир утгатай зорилго

Соёл гэдэг ойлголтонд ажиллах орчны таатай нөхцлүүд, үүнд хүн бүрийн амжилтыг олж харж дэмждэг, урамшуулдаг, шударга, хамтач, нөхөрсөг уур амьсгал зэргийг хэлнэ. Нэг үгээр хэлбэл гаргасан амжилтандаа таарсан сэтгэл ханамж, урамшуулал эдэлдэг. Тэр амжилтанд хүрэхэд нь элдэв зүй бус саад тотгор байдаггүй тийм орчныг хэлдэг. Үүнийг бүрдүүлэхэд хамгийн том нөлөөтэй хүн нь CEO болон бусад C түвшний удирдагчид. Дээрээс доош бүрдэх замаар хөгждөг. Өөр бас нэг хүчин зүйл нь учир утгатай ажил хэрэг. Твиттер компаний вебсайтад “Таныг Твиттерт ажиллахад, таны хийсэн ажил бүрийг дэлхий даяар олон сая хүн шууд мэдэрдэг юм” гэжээ. Үүнээс илүү утга учиртай ажил гэж юу байх вэ?

     2.  Мэргэжлийн хувьд өсөх бодитой боломж

Ажилтнуудаа өсч хөгжихийг дэмжих бодлогыг уламжлалт ойлголтоор “албан тушаалын замнал” гэж нэрлэдэг. Гэхдээ яг амьдрал дээр хүмүүсээ шууд удирдаж байгаа менежэрүүд үүнийг гүйцэтгэнэ. Тэд л компани дотор явагдаж байгаа процессыг ажиглан судлаж, зөв хүнийг зөв газар нь тавьж хүмүүсийнхээ авъяас чадварыг илрүүлдэг. Хүмүүстэйгээ байнга харьцаж тэднийхээ юуг сайн хийдэг, юуг муу хийдгийг таньж тухайн нэг хүний байж болох хамгийн зөв ажлын байрыг тодорхойлж чаддаг байна. Ингэж тасралтгүй таних, оновчтой болгох, сайжруулах явц өрнөж байдаг газар ажилтан бүрэн чадлаа гаргаж ажилдаг, бас хөгждөг.

     3.  Өөрийн хүндэлдэг, үлгэрлэдэг хүмүүстэй хамт ажиллах боломж

Мэдээж шилдэг компаниуд хамгийн шилдэг хүмүүсийг авдаг тул хүмүүс ийм газар ажилд орох сонирхол өндөр байна. Үүнд байгууллагын Хүний нөөцийнхний үүрэг чухал. Сайн хүмүүсийг ажиллуулж, тэднийг сэтгэл ханамжтай байлгаж, удаан тогтоон барих нь дараа дараагийн хүмүүст маш их нөлөөлнө.

     4.  Ажилтныхаа мэдлэг, ур чадварыг тултал нь ашигладаг байх

Хүн төрөлхтөн олон мянган жилийг туулахдаа үргэлж шинэ сорилтуудтай тулгаран түүнийгээ давж гараад дахин дараагийн сорилттой тулгарахад бэлэн байдаг тийм зан төрхтэй болжээ. Энэ уламжлагдаж ирсэн механизм хүнийг өдий хүртэл амьдруулж хөгжүүлж ирсэн гэж үздэг. Тэгвэл ажил дээр мөн ялгаагүй. Хүмүүс аль болох уйдах завгүй, сонирхолтой ажил гүйцэтгэж дараа дараагийн сорилтуудтай тулгарахд үргэлж бэлэн байдаг. Уйтгартай ажлын өдөр, уйтгартай төсөл гэж байж болохгүй. Гэхдээ энэ үргэлж амар байдаггүй, компаний удирдагчдаас ихээхэн хамаардаг билээ.

Ийм байхын тулд компаний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны загвар боловсронгуй байж мөн зөв чадвартай, зөв зан төлөвтэй хүмүүсийг зөв газар нь ажиллуулж, тэднийг өдөр бүр шинэ зорилго стандарт руу чиглүүлэх хэрэгтэй болно.

Тэгвэл манай улсад яагаад Glassdoor шиг судалгаа явуулж, жил бүр компаниудыг жагсаадаг байгууллага байж болохгүй гэж? Ингэж чадвал тэр TOP100 энэ тэрээс илүүтэй компаний засаглалын хөгжилд түлхэц өгнө гэж бодож байна.