Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөврийн компьютер (notebook) худалдан авагчдад өгөх зөвлөгөө

Р.Түвшин, iKon.mn
2013 оны 11 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Нэг үеэ бодвол компьютерын хэрэглээ ажил албанаас гэрийн, хувийн хэрэглээнд илүү шилжсэн нь технологийн үнэ өртөг хямдарсантай холбоотой. Мөн шинэ үеийнхний амьдралд мэдээллийн технологи чухал үүрэгтэй болсны баталгаа юм. Тиймээс зөөврийн компьютер худалдаж авах гэж байгаа хүн бүхэнд зориулан технологийн мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүргэж байна.

Худалдаж авахдаа баримтлах 3 дүрэм

1.Их мөнгө төлөх хэрэггүй

Хэдхэн жилийн өмнө хямд ноутбуук авахад 1000$ хангалттайд тооцогддог байлаа. Тэгвэл өнөөдөр ийм үнэтэй ноутбуук нь үнэтэйд тооцогдож байна. Зах зээл дээр ганцхан компани, тодруулбал Apple компаний ноутбуукууд бүхэлдээ энэ үнэнээс дээш байдаг болжээ. Гэхдээ Apple-д ийм өндрөөр үнэлэх хангалттай шалтгаан бий. Тиймээс та хэт өндөр чадал шаардах график тоглоом тоглох, HD видео боловсруулах ажил хийхгээгүй л юм бол дээд тал нь 700$-800$ үнэнд хангалттай ноутбуук авах боломжтой.

2.Аян замд авч явахад хөнгөн байхыг нь бод

Сонголт хийхэд чухал бас нэг хүчин зүйл нь зөөвөрлөхөд хөнгөн авсаархан байх явдал. Гэхдээ энэ нь таны хэр их хөдөлгөөнтэй ашиглахаас хамаарна. Ингэхийн тулд дэлгэцний хэмжээг зөв сонгох хэрэгтэй болно. Дэлгэцний хэмжээнээс хамаарч жин, хэмжээ нь өөрчлөгдөнө гэсэн үг. Өдөр бүр гэр ажил, сургууль гэрийн хооронд зөөвөрлөж явдаг хүнд бол дээд тал нь 13 инчийн дэлгэцтэй ультрабүүк байхад тохиромжтой. Сүүлийн үед зарим 11 инчийн хибрид (ноутбуук ба таблетын эрлийз) компьютерууд бий болсноор гарыг нь салгаж орхиод зөвхөн дэлгэцийг (touch удирдлагатай) нь авч явах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл ажил дээрээ гарыг нь салгаж орхиод дэлгэцийг нь гэр лүүгээ авч явж болно гэсэн үг. Гэхдээ гэртээ хийх ажил бага үед шүү дээ.

Харин долоо хоногт нэгээс илүүгүй удаа зөөх хэрэг гардаг, ихэнхдээ суурин хэрэглэх бол 15 инч зүгээр. Харин байнга суурин хэрэглэх буюу дэсктоп компьютерын оронд хэрэглэх бол 17 инчийнх байхад тохиромжтой юм. Үүнд анхаарах зүйлс гэвэл

  • Дэлгэц томрох тусам зайгаар ажиллах хугацаа багасна
  • Хибрид компьютерын хувьд одоогоор зөвхөн Windows 8 системээс өөр сонголт байхгүй байгаа

3.Хийц дизайн хамгийн гол нь

Яг үнэндээ маш олон нэр төрлийн зөөврийн компьютерүүд байдаг боловч тэдний дотрох эд ангиуд, программ хангамж нь бүгд л ойролцоо байдаг. Онцгой ялгарах зүйл тун бага. Энэ тохиолдолд тантай байнга хамт байдаг, таны өдөр тутмын хэрэглээ гэдэг утгаараа та өөрийн таашаал, сонирхолд нийцүүлэх ганц зүйл бол хийц, дизайн, өнгө зэрэг үзүүлэлтүүд юм. Персонал компьютер гэдэг утгаараа энэ нь таны гадна талд харагдах байдал, илэрхийлэл болох тул та нүдний шил эсвэл хувцас сонгохтой адил өөрийн хэв маяг, үзэл бодолд нийцүүлэх нь чухал юм. Яг үнэндээ OS (үйлдлийн систем) –ыг нь эс тооцвол энэ тал дээр үлгэр жишээ нь Apple-ын Mac төрлийн ноутбуукууд байдаг. Зөвхөн тэдний гоёмсог хийц, хэрэглэхэд эвтэйхэн бүтэц зэрэг нь маш олон хүнийг илүү мөнгө төлөхөд хүргэдэг юм.

Зөөврийн компьютерын төрлүүд

Ultraportable буюу Хэт зөөврийн компьютерүүд

Энэ ангилалд 11,12 инчийн хэт зөөврийн компьютерүүд багтана. Анх энэ ангиллыг бий болгогсод нь Sony болон Apple. Мөн HP болон Lenovo хибрид хэлбэртэйгээр гаргаж байгаа. Тэдгээр нь ихэнхдээ бага эрчим хүчээр ажилдаг Intel Atom CPU-тай, эсвэл AMD E серийн чиптэй байдаг. 11 инчийн Windows 8 таблетууд 499$-оос эхэлдэг бол дээр нь 100$ орчмоор гарыг нь нэмж авч болно.

13 инч ноутбуук

Зөвхөн 13 инч дэлгэц л энэ төрлийг бүрэн төлөөлнө. Учир нь бүтэн өдрийн турш ажил хийхэд тохиромжтой хамгийн жижиг дэлгэц энэ юм. Apple-ын MacBook Pro болон Sony Vaio Pro 13 бол энэ төрлийн хамгийн алдартай төлөөлөгчид.

Зарим нэг хибрид компьютерүүд 13 инч дэлгэцтэй байдаг ч таблет гэдэг утгаараа тохиромжгүй, хэт томддог тал бий.

Дундаж хэмжээ (14, 15, 16 инч дэлгэцтэй)

Уламжлалт 15 инч гол төлөөлөл нь бол ховор тохиолддог 14 болон 16 инч нь энэ ангилалд бас орно. Энэ төрлийн ноутбуук харьцангуй хөдөлгөөн багатай, суурин голдуу нөхцөлд тохиромжтой. Эдгээр нь голдуу Intel Core i- серийн хос эсвэл дөрвөн цөмт (dual or quad core) CPU-тай, 4 эсвэл 8 Gb RAM, хамгийн багадаа 320Gb хатуу дисктэй байдаг. Зарим шинэ загварууд нь график процессортой (GPU), Blue-ray диск уншигчтай байх тохиолдол ховор боловч бий. Энэ төрөл нь харьцангуй үнэ болон үзүүлэлтийн өргөн сонголттой тул 500$-аас 1000$-ын хооронд олддог.

Дэсктоп орлогч (17 инч болон түүнээс дээш)

Энэ төрөл нь таны хуучин дэсктоп PC-г орлох боломжтой. Дөрвөн цөмтэй (quad core) CPU-тай голдуу байдаг. Ихэнхдээ Nvidia эсвэл AMD-ын хүчирхэг график процессортой. 1080p дэлгэцтэйг нь сонговол full HD видео үзэхэд тун давгүй. Энэ төрөл нь ихэнхдээ гэрийн энтертаймэнт систем болж суурин байдлаар ашиглагддаг. Кино үзэх, дуу хөгжим тоглуулах, тоглоом тоглох зэрэг.

Хибрид компьютерүүд (таблет, ноутбуукны эрлийз)

Энэ төрлийнхөн touch дэлгэцтэйн хажуугаар салдаг эсвэл эвхэгддэг гартай. Нэг бол ноутбуук шиг ашиглана, эсвэл гарыг нь салгаад эсвэл эвхээд таблет шиг ашиглаж болдог гэсэн үг. 11-ээс 13 инч дэлгэцтэй байдаг. Бага чадлын Intel Atom эсвэл Core i5 CPU-тай байвал үнэ нь 500$ орчим болдог. Өөр том CPU-тай бол харин үнэ нь дээшилнэ.

Хибрид: гар нь салдаг, гар нь эвхэгддэг.

Энэ загварууд хангалттай олон биш байгаа нь Windows 8 системын гүйцэд боловсронгуй болоогүй байгаатай холбоотой. Одоохондоо энэ төрлийг авахдаа болгоомжтой хандсан нь дээр. Ердийн ноутбууктэй сайн харьцуулж үзэх хэрэгтэй.

CPU буюу Процессорын талаар

Та ийм үзүүлэлтүүдийг ойлгодог эсэхээс үл хамаараад зарим нэг мэдээллийг хүргэж байна. CPU буюу компьютерын тархи болсон энэ эд ангийг голдуу Intel, AMD фирмүүд үйлдвэрлэдэг.

AMD

Энэ төрлийн CPU-г ноутбуукт Intel-ээс цөөн ашигладаг. Тэдний AMD A4, A6, A8, A10 загваруудын CPU-г та Acer, HP-ын дараа дараагийн ноутбуукуудаас олж харах болно. Эдгээр нь өрсөлдөгч Intel-ын шинээр гаргасан Haswell цувралын CPU-тай нэг эрэмбийнх юм. Гэхдээ үнэ хямд тул дундаас доош үнэтэй ноутбуукуудад илүү ашиглагдана.

Intel

Энэ фирмийн CPU-г ноутбуук, таблет, хибрид, дэсктоп PC зэрэгт хамгийн өргөн ашигладаг. 2013 оны 6 сараас гарсан шинэ цувралын нэр нь Haswell. Өмнөх үеийн CPU цувралыг Ivy Bridge гэдэг байсан.

Haswell цуврал нь 4 дэх үеийнхэд тооцогддог тул ийм CPU-тай ноутбуукуудын CPU дугаарлалт (part number) 4-ын тоогоор эхэлсэн байх нь элбэг. Жишээ нь Sony Vaio Pro 13-ын CPU үзүүлэлт дээр “1.6GHz Intel Core i5-4200U” гэж байдаг.

Энэ цувралын гол давуу тал нь өмнөх үеэсээ эрчим хүч бага зарцуулдаг тул зай тэжээлийн хэмнэлт сайтай.

  • Core i3

Энэ CPU нь хамгийн энгийн хэрэглээнд тохиромжтой. Дунджаас доош үнэтэй ноутбуукуудад их  ашиглагддаг.

  • Core i5

15 болон 17 инчийн ноутбуукуудад өргөн хэрэглэгддэг. Дундаж хэрэглээнд тохирох хамгийн түгээмэл CPU. Ашигласан ноутбуукууд нь ихэнхдээ 600$-оос 1000$-ын хооронд байдаг.

  • Core i7

Дөрвөн цөмтэй (quad core) тул өндөр чадалтай ноутбуукуудад ашиглагддаг. Ихэнхдээ том хэмжээний тоглоом тоглох, видео боловсруулалт хийхэд ашиглагдана.

Хатуу диск буюу хадгалах байгууламж

Өнөөдрийн ноутбуукууд уламжлалт HDD хатуу диск, эсвэл SSD флаш дисктэй байх 2 хувилбартай байгаа. HDD нь хуучин технологи буюу эргэлддэг дискнүүдээд мэдээлэл хадгалдаг бол SSD нь iPhone зэрэгт ашигладагтай ижил флаш санах ой юм.

  • HDD (Hard Disk Drive) – ихэнх ноутбуукуудэд ашиглагдсан хэвээр байгаа. Овор хэмжээ том боловч үнэ хямд. Ноутбуукны хэмжээ, жинг нэмэгдүүлж халах зэрэг асуудал үүсгэдэг. Хамгийн багадаа 320Gb багтаамжтай байдаг. Ихэнхийн хурд нь 5400 rpm (минутанд эргэх тоо) бол 7200 rpm бас бий. Багтаамж илүү тул видео боловсруулах, том хэмжээний тоглоом тоглоход тохиромжтой.
  • SSD (Solid State Drive) – халдаггүй, дуу чимээгүй, овор багатай боловч одоогоор өртөг өндөртэй байгаа. Apple 11 инч MacBook гэхэд л 64Gb SSD-тэй боловч 999$ үнэтэй байдаг ба 128Gb, 256Gb болгож өргөтгөхөд нэлээд мөнгө төлөх болдог. Ирээдүйд бүгд SSD болох нь гарцаагүй боловч одоохондоо өртөг өндөртэйгээс болж хэрэглээ нь хязгаарлагдаж байгаа юм.

Цаашдаа хэрэглээнээс хасагдах тул орхиж болох хэсгүүд

  • VGA порт. Шинэ дэлгэц холбох портууд (HDMI, Thunderbolt г.м) гарч ирсэн тул байхгүй болоход асуудалгүй. Хэрвээ хуучин VGA төхөөрөмж залгах хэрэг гарвал хувиргагч ашиглаж болно
  • Ethernet порт. Бүх ноутбуук WiFi-тай болсон тул ихэнхдээ ашиглахаа больсон. Хэрэгтэй бол нэмэлт хувиргагчаар шийдэж болно.
  • Optic драйвер. CD, DVD-ны хэрэглээ эрс багассан тул мөн хасч болно.