Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Мөнгөний бодлогын гол ТАВАН санаа

Ч.Болортуяа
2013 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2014 оны Мөнгөний бодлогын баримт бичгийн иж бүрдэлд тусгагдсан гол ТАВАН санаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ батлаад байна. 

Ирэх оны мөнгөний бодлого ямар байх талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа. Тэрбээр Мөнгөний бодлогыг батлахад УИХ-ын гишүүд ажил хэрэгч хандаж, үнэтэй олон санал өгсөнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн Мөнгөний бодлогыг батлах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн улстөржөөгүй хандлагад Монголбанкны зүгээс талархалтай байна. 

Ирэх оны Мөнгөний бодлогыг дараах таван гол санаанд нийцүүлэн хүргэж байна. 

  1.  Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах. Ирэх оны мөнгөний бодлогод онцолж оруулж өгсөн заалтуудад ирэх жил төсвийн тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын урсгалыг сайжруулан, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээ авахыг тусгаж өгчээ. 

    Тодруулбал, ирэх онд төвбанк арилжааны банкуудын бичил, жижиг, дунд бизнесийн санхүүжүүлэх зээлийн хүүг бууруулах чиглэлд ажиллах юм байна. 

    Энэ оны арилжааны банкны зээлийн хүү 19 орчим хувь байсныг 16 хүртэл буулгасан бөгөөд ирэх онд үүнээс бага хэмжээнд аваачих зорилт тавиад байгаа аж. 
     
  2.  Валютын биржтэй болох. Мөнгөний бодлогод гадаад валютын хэлбэлзлийг урьдчилан тооцоолох хянах, эрсдлийг бууруулах үйл ажиллагааг системтэй болгох хэд хэдэн арга хэмжээг оруулахаар тусгасан байна. 

    Тухайлбал, валютын захад банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн бусад оролцогчдыг идэвхтэй оролцуулах, ханшийн эрсдлээс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгслийг зах зээлд нэвтрүүлэх зорилгоор валютын арилжааны шинэ тогтолцоог бий болгох зорилтыг тусгажээ. 

    Энэ нь хар зах, арилжааны банкууд, хувь хүмүүс өөрсдөө оролцох боломжтой валютын бирж хэлбэртэй зохион байгуулагдахаар төлөвлөж байна. Ингэснээр ханшийн хэт хэлбэлзэл буурах, зохиомол ханш өсөлт буурах зэрэг эерэг талуудтай аж. 
     
  3.  Дэд хөтөлбөрүүдийг зах зээлийн хэмнэлд оруулах. Засгийн газар, Монголбанк хамтран “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцох санамж бичиг” байгуулан энэ жил хэд хэдэн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ. 

    Үүний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнэ, барилгын компаниудын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжиж өгч ажлын байр, инфляцийн өсөлтийг хязгаарлаж чадсан гэж үзэж байгаа. 

    Тиймээс ч ирэх онд дэд хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхээр төлөвлөөд байна. 

    Нэг талаас зах зээлийн үнийг төрөөс барих нь тохиромжгүй гэсэн шүүмжлэл байдаг ч энэ нь нийт ард иргэдийн амьжиргаатай холбоотой байдаг учраас үргэлжлүүлэхээс өөр аргагүй байна гэсэн тайлбарыг Н.Золжаргал Ерөнхийлөгч онцолж байгаа юм. Гэхдээ энэ механизмд төр өөрийн оролцоог багасгаж бие даалгах бодлогыг ирэх оноос баримталж эхлэх гэж байна. 

    Энэ жилийн хүрээнд хэрэгжсэн барилгын салбарыг дэмжих дэд хөтөлбөрийн үр дүн ирэх 2014, 2015 онд мэдрэгдэнэ гэсэн төсөөллийг Монголбанк удаа дараа хийгээд буй. 

    Харин шатахууны үнийн хэлбэлзэл энэ онд багагүй үр дүн авчирч, иргэдийн шууд орлогод бодит нөлөөлөл үзүүлж чадаад байгаа билээ. 
     
  4. Инфляцийг найман хувьд... Олон улсын санхүүгийн байгууллагууд энэ жилийн инфляцийг 15-17 хувь байхаар төсөөлж байсан ч Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын инфляцийн түвшин өнөөдөр 10,8 хувь байна. 

    Үүнийг Монголбанк дээр дурьдсан дэд хөтөлбөрүүдийн үр дүн гэж тайлбарлаж байгаа юм.

    Харин ирэх оны эцэст инфляцийг найман хувь, 2016-2017 онд долоон хувиас хэтрэхгүй түвшинд байлгана гэсэн өөдрөг төсөөлөл хийжээ. 
     
  5. Санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах.  Мөнгөний бодлогод зайлшгүй тусгагдах ёстой санхүүгийн салбарын хяналтын асуудлыг тусгасан байна. 

    Монголын санхүүгийн зах зээлийн 90 орчим хувийг эзэлдэг арилжааны банкууд дахь хяналт шалгалт, тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, системийн шинжтэй эрсдлээс хамгаалах чадавхыг нэмэгдүүлнэ гэжээ.

    Тухайлбал, банкны эрсдэл, зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх зорилгоор банкны зээлийн барьцаа хөрөнгийн болон зээл, хүүгийн зардлыг нэмэгдүүлж байгаа бусад хүчин зүйлийн нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг шинэчилнэ гэжээ. 

    Түүнчлэн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажилллагааны үр дүн, шийдвэр гаргах механизм, хариуцлагын тогтолцоог сайжруулах, зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх улмаар институци болгох зорилготой ажиллах юм байна. 

    Мөн Монгол улсын зээлжих зэрэглэл, түүний өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд Монголбанк тогтмол дүн шинжилгээ хийж зөвлөмж боловсруулж байхаар болжээ.