Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос 8,000 таэквондоч цуглуулж, Гиннесийн номонд бүртгүүлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгосын парламентын ордны гадна таэквондогийн урлагаар хичээллэгч 8,000 гаруй хүн цуглан зэрэг дасгал гүйцэтгэж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлэх арга хэмжээ зохион байгуулсан байна.

Мэргэжлийн тамирчид, армийнхан, тэнгисийн болон агаарын хүчнийхэн, цагдаа, иргэдээс бүрдсэн гардан тулааны мастерууд “пүмсэ” гэгддэг хамгаалалт-довтолгооны дасгалыг зэрэг гүйцэтгэжээ.

Нийт 8,212 хүн уг арга хэмжээнд оролцсоныг Гиннесийн төлөөлөгч бүртгэсэн ба Англи дахь төв удирдлага нь долоо хоногийн дотор номонд оруулах шийдвэрээ зарлах юм байна.

Үзүүлбэрийн үеэр тэнгэрт агаарын хүчний Хар бүргэдүүд гэгддэг найман нисэх онгоц хөөрч, Өмнөд Солонгосын далбааны төвд байдаг арга билэгийн тойргийг дүрсэлсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард тус улсын парламент Таэквондог дэмжих хуулийг батлан энэхүү уламжлалт соёлыг үндэсний спортод албан ёсоор тооцох болсон юм.

Парламентын дарга Чун Сэ Кюнд энэ өдөр таэквондогийн хүндэтгэлийн “наймдугаар дан” гардуулж, таэквондогийн хөгжилд оруулсан хувь нэмэрийг нь алдаршуулжээ.

Эх сурвалж: Korea Times