Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын эрх баригчид Ким Жон Унд Маогийн үеийн балетаар бэлэг барьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Бээжингийн тусгай элчийг хүлээн авч уулзан, хоёр коммунист орон найрсаг харилцаатай байгааг дахин баталжээ.

Хятадын Коммунист Намын гадаад харилцааны дарга Сүн Тао 200 хүнтэй урлагийн багийг дагуулж, Пёньянд зочилсон юм. Ким Жон Ун эхнэрийн хамт Хятадын төлөөлөгчдөд зориулан хүлээн авалт зохион байгуулсан ба Даваа гарагт тэдний урлагийн тоглолтыг үзсэн байна.

Бээжингийн урлагийнхан Ким Жон Унд зориулж 1930-аад оны хувьсгалт үйл явдлыг харуулсан “Эмэгтэйчүүдийн Улаан Oтряд” нэртэй балетыг тогложээ. Уг балетыг анх 1964 онд Хятадад тоглож байсан ба Мао Зэдуны соёлын хувьсгалын өндөр шалгуурыг давж тайзнаа тавигдсан цөөн бүтээлийн нэг юм байна.

Тоглолтын нэг хэсэгт “Урагшаа! Урагшаа! Мао Зэдуны тугийн дор ялалтын төлөө урагшаа!” гэсэн уриаг бүжигчид уухайлдаг ажээ. 1972 онд АНУ-Хятадын харилцааг хэвийн болгохоор Бээжинд айлчилсан ерөнхийлөгч Ричард Никсонд Мао энэхүү балетаа үзүүлж байв.

2015 онд АНУ-д энэхүү бүтээлийг толилуулахад түүний үзэл суртлын агуулгаас илүү урлагийн чанар, чадварыг нь зарим мэргэжилтнүүд магтаж байжээ. Харин Австралид болсон Хятадын соёлын өдрүүдээр Мелбурнд тоглоход нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байв. Зарим нь үүнийг “фашист балет” гэж нэрлэж байжээ.

Харин Ким Жон Унд балет ихэд таалагдаж, тоглолтын дараа тайзнаа гарч уран бүтээлчдэд баяр хүргэсэн байна.

 

Эх сурвалж: Quartz