2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбогдуулан зургаадугаар сарын 1-нээс долоодугаар сарын 15-ны хооронд Оросын шинжлэх ухаан соёлын төв/РЦНК/-д "2018 FIFA World Cup Russia" фестивалийг зохион байгуулах гэж байна.
Үүнтэй холбогдуулан фестивалийг зохион байгуулагч "Еasy liner" компани, Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгууллаа.
Фестивалийн талаар "Еasy liner" компанийн Ерөнхий захирал Б.Хосбаяр "Фестивалийн нээлт зургаадугаар сарын 1-ний өдөр болно. ДАШТ-ий үеэр улс бүрт томоохон хэмжээний фестиваль болдог. Манайд бол асарт цуглаж тэмцээн үздэг жишиг бий. Энэ жил анх удаа 45 хоногийн хугацаатай фестивалийг зохион байгуулах гэж байна. Фестиваль зохион байгуулагдах асар руу ямар нэгэн үнэ төлбөргүй орох бөгөөд зогсоол хангалттай гэж үзэж байгаа.
БНХАУ-руу захиалсан асар маань хараахан ирээгүй байна. Тиймээс дэлгэцийн хэмжээ ямар байх талаар эцэслэн тогтоогүй. Урьдчилсан байдлаар бол 9X7 метр хэмжээтэй байхаар төлөвлөж байгаа. Гадна талбайд 45 хоног үргэлжлэх учраас аюулгүй байдал тал дээр маш сайн анхаарсан. Үйлдвэрлэгчийн зүгээс асар 100 м/сек хурдтай салхинд аюулгүй гэсэн мэдээлэл өгөөд байна.
Тоглолтууд 11 хотод зохион байгуулагдах учраас цагийн зөрүү өөр өөр байгаа. Цагийн зөрүүнээс хамааран тоглолт хамгийн эрт дээ 18:00, хамгийн оройдоо 03:30 цагаас болохоор байна. Бидний зүгээс хотын захиргаанд хандаж тоглолттой үед асарыг нээлттэй байлгах боломжийг ярилцана" хэмээн ярилаа.
Оросын шинжлэх ухаан соёлын тевийн зүгээс фестивалийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллана гэдгийг тус төвийн захирал Евгений Георгиевич Михайлов илэрхийлээд "ОХУ-д анх удаа зохион байгуулагдаж байгаа Хөлбөмбөгийн ДАШТ сайхан болж, Оросын баг ялаасай гэж хүсэхийн хамт та бүхний ажилд амжилт хүсье" гэв.