Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Аум Шинрикё шашны бүлгийн гишүүдийг цаазлахаар бэлдэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Японы хууль зүйн яам шашны Аум Шинрикё бүлгийн цаазын ялтай 13 гишүүний долоог нь Токиогийн хорих газраас бусад хорих газрууд руу тараан шилжүүлжээ.

Энэ алхам нь цаазын ялыг гүйцэтгэх болсны илрэл гэж хэвлэлүүд мэдээлж байна. 1995 онд Токиогийн метронд хорт хий цацаж, 13 иргэний амийг бүрэлгэн, 6,000 орчим хүний эрүүл мэндийг хохироосон тус бүлэгтэй холбоотой шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард эцэслэн дууссан юм.

Аум Шинрикё цуврал байдлаар нийтдээ 29 хүний аминд хүрсэн гэдэг.

Тэдний удирдагч 63 настай Шоко Асахара мөн цаазын ялтай хоригдож байгаа юм.

Гэхдээ Токиогийн хорихоос шилжүүлсэн ялтнуудын дотор Асахара байхгүй байгааг эх сурвалж мэдээлжээ. Япон даяар Саппоро, Сендай, Токио, Осака, Хирошима, Нагоя, Фукүока хотуудад зөвхөн цаазын ял гүйцэтгэх байгууламжууд байдаг.

Дээрх ялтнуудыг эдгээр газруудад тараан шилжүүлсэн бололтой. Шилжүүлсэн ялтнуудын нэр тодорхой байгаа ч хэнийг хааш шилжүүлснийг нууцалж байгаа гэнэ. Японы хуулийн дагуу цаазын ялыг хэзээ гүйцэтгэхийг мэдэгдүүлэхгүйгээр олон жил хоридог.

Мөн цаазлах товыг нууцалж, зөвхөн гүйцэтгэсний дараа зарладаг юм.

Аум Шинрикё бүлгийн нийт 190 хүнийг янз бүрийн хэлбэрээр шийтгэснээс 13-д нь цаазын ял оноож, зургаад нь бүх насаар хорих ял оноожээ.

 

Эх сурвалж: Japan Today