Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Наранбаатар: Өмнөговь түүхэндээ хамгийн өндөр хөрөнгө оруулалт хийнэ

С.Уянга, Зууны мэдээ
2018 оны 2 сарын 1
Зууны мэдээ
Зураг зураг

Орон нутгийн  удирдлагууд Төрийн ордонд хоёр өдөр хуралдаж яамдуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.

-Аймгийн дарга нар хоёр өдөр семинарт суулаа. Засгийн газраас ямар үүрэг чиглэл өгөв?

-Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, сайд нартай уулзаж энэ онд ажиллах үүрэг чиглэл авлаа. Нутагтаа, ажилдаа эзэн бол. 2018 оныг Засгийн газраас сахилга хариуцлагын жил болгож  зарласны дагуу бүх шатандаа хариуцлагыг чангатгаж, төсөв мөнгийг  зориулалтын дагуу зарцуулж өр авлага үүсгэхгүй ажиллахыг Ерөнхий сайд өглөө. Мөн сайд нартай гэрээ байгуулж хамтран ажиллах зорилго, чиглэлээ тодорхой болголоо.

-Засаг дарга нар орон нутагт шийдвэрлүүлэх асуудлаа “бариад” ирсэн байх. Таны хувьд төлөвлөсөн ажил бүтэмжтэй байв уу?

-Өмнөговь аймаг энэ оныг бүтээн байгуулалтын жил болгож 103 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ. 60-аад тэрбум нь орон нутгийнх, 11 тэрбум нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил. Энэ дунд төсөл хөтөлбөр, Оюутолгой, бичил уурхайнуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа багтаж байгаа. Манай аймагт  нэн тэргүүнд тулгарч байгаа асуудал бол бүтээн байгуулалтын ажил хийхэд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах явдал.

Зам талбай, орон сууц гээд элс хайрга, дайрга ашиглахгүй бүтээн байгуулалт гэж байхгүй. Гэтэл энэ зөвшөөрлийг өгөх эрх аймгийн Засаг даргад байхгүй. Ашигт малтмал газрын тосны газраас зөвшөөрлийг нь өгдөг. Үүний тулд ашигт малтмал хайж ашиглах гэж байгаатай адил Х, А лиценз авч нөөцөө батлуулахын тулд 1-2 жил шаарддаг. Гэтэл аймагт өрнөх бүтээн байгуулалт хэдэн сар, жилийн дотор хийгддэг.

Тиймээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд санал тавьсан. Яамнаас судалж үзээд хуульд өөрчлөлт оруулах юм уу, Засгийн газраас түр журам гаргаад аймгийн дарга нарт эрхийг нь олгох ажлыг судлахаар болж дөрөвдүгээр сарын 1-ний дотор хариугаа өгөхөөр боллоо.

Мөн тойрсон аймгуудад гараад байгаа шүлхийгээс урьдчилан сэргийлэх асуудал  тулгамдаж байна. Шүлхийн вакцин  дууссан учраас ОХУ-аас  хоёр сая тун вакцин удахгүй ирэх байх гэсэн чиглэлийг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өглөө. Вакцин иртэл хорио, цээрийн цэгт нүүдлээ хязгаарлахаас аргагүй.

-Хайрга, дайрга олборлох зөвшөөрлийг орон нутаг өглөө гэхэд хяналтыг хэрхэн тавих вэ?

-Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг олгох эрхийг  аймгийн ИТХ юм уу, Засаг даргад нь өгөх хэрэгтэй. Алт, зэс, нүүрс зэрэг бусад ашигт малтмалтай адилтгаж болохгүй. Тодорхой координат цэгийг нь зааж өгч бүтээн байгуулалтаа хийлгэж дуусгаад нөхөн сэргээлтийг нь хийлгэж хяналтаа сайн тавьж чадвал орон нутаг хариуцаад явах боломжтой.

Манай аймгийн хувьд Цогтцэций сум хүртэлх 59 км замын ажил эхлэх гээд зөвшөөрөл хүссэн байгаа. Аймгийн төвд засмал,явган хүний зам, дугуйн зам барихаас гадна хэд хэдэн суманд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга барих ажил бий.

-Аймгийн эдийн засгийн хөшүүргийг уул уурхайгаас гадна аль салбар руу чиглүүлж байна вэ. Тэр дундаа аялал жуулчлал хөгжих боломжийг хэр эрэлхийлж байна вэ?

-Манай аймгийн эдийн засгийн гол салбар төдийгүй орон нутгийн төсвийг уул уурхайгаас бүрдүүлдэг. Орон нутгаа санхүүжүүлэхээс гадна энэ жил улсын төсөвт 66 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Өнөөдрийн байдлаар Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайтад стратегийн ордоос гадна 14 компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Үүний хажуугаар мал аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Малын тоо жил бүр өсөж, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барьж, уул уурхайгаа хангах чиглэлийн бодлого баримталж байна. Дан ганц уул уурхай бол түүхий эдийн ханш унахаар зогсчих эрсдэлтэй учраас аль болох үйлдвэрүүдийг олноор байгуулахыг зорьж байна. Аялал жуулчлалын салбарын хувьд үзэж харах зүйл ихтэй ч жуулчид сэтгэл дундуур байдаг нь зам. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжихгүй.

Энэ салбарт бас нэг шинэ зүйл нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага бий. Азийн орнуудад Хятадын жуулчид гол орлогыг оруулж байна. Тиймээс тэр урсгалаас татах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд визний асуудал тулгамддаг. Энэ талаар Хятадын талтай ярилцаж жуулчдад зориулсан тусгай виз гаргаж өгөх юм бол орлого олох боломжтой. Манай аймагтай хил залгаа Альшаа аймагт гэхэд жилд гурван сая жуулчин ирээд хилийн багана дээр зургаа авхуулаад явдаг. Уг нь нэвтэрч орж ирэх сонирхолтой.

-Өвлийг хохирол багатай даван туулах бэлтгэл хэр байна. Бэлчээрийн даацаас гадна зэргэлдээ аймаг, сум руу отор нүүдэл хийж байна уу?

-Бэлчээрийн даац хэтэрсэн. Зуншлага тааруугаас өвс муу байна. Хойд талын сумдад зуншлага сайн байсан учраас урд талын сумын малчид отор нүүдэл хийж байна. Өвөрхангай, Дундговиос нүүдэл их ирж байна.Архангай, Баянхонгор зэрэг аймгаас 20 гаруй мянган адуу орж ирсэн.

Зуншлага гайгүй байсан Мандал-Овоо суманд бусад аймгаас их хэмжээний адуу орж ирснийг буцаах талын арга хэмжээ авч аймгийн дарга нартай ярьж байна. Хамгийн гол нь шүлхий гарсан бүс нутгаас мал ирж байгаа учраас болгоомжилж, нүүдлийг зогсоохгүй бол болохгүй. Аймгийн хувьд 100-гаад өрхийн цөөн тооны мал зэргэлдээх Өлзийт, Мандах суманд оторлож байгаа.

-Өнгөрсөн жил танай аймагт бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажил багагүй өрнөлөө. Томоохон ажлуудаас дурдвал?

-2017 онд 73 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн. Аймгийн төвд гурван км засмал зам, явган хүний 11 км, дугуйн хоёр км зам тавилаа. Мөн шинэ хорооллууд руу цахилгаан дамжуулах агаарын шугам татсан. Одоогийн байдлаар 500 айлыг холбоод байна. Аймгаас баруун тийшээ 25 км засмал зам тавьснаа ахиулна. Хоёр суманд Засаг даргын тамгын газрын шинэ ордон барьж, хоёр сумыг  цэвэр бохирын цэвэрлэх байгууламжид холболоо.

Сумдад 24 инженерийн хийцтэй худаг гаргаж өгсөн. Гашуунсухайт хилийн боомт, Цагаан хаданд цэвэр усны худаг гаргаж цэвэршүүлэх байгууламжийг нь хийж байна. Орон нутгийн 17 хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдыг гадаадад сургаж дадлагажуулдаг “Зөгийн үүр” хөтөлбөрт 200 гаруй хүн оролцсон.  Англи хэлтэй Өмнөговь хөтөлбөр амжилттай хэрэгжиж гаднаас багш нар урьж хэлний курс хичээллүүлж байна.

Оюуны хурд, Багш хөгжил гээд боловсролын салбарт хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд ЭЕШ-ын дундаж дүнгээр улсад сүүлийн байрт орж байгаад энэ жил урагшилж IV байрт орсон. “Элэг бүтэн Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд 18-аас дээш насны бүх хүнээ орон нутгаас зардлыг нь дааж үзлэг оношилгоонд хамруулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд найман багийг хөдөлгөөнт эргүүлийн тоноглосон машинаар хангасан.

Цагаан хад, Хайрхан багийн ерөнхий төлөвлөгөө гэх мэтчилэн энэ онд хийх бүтээн байгуулалтын ажлуудаа угтаж зураг төслүүдээ бэлэн болгож байна. Энэ жил аймгийн түүхэнд хамгийн өндөр хөрөнгө оруулалт буюу 103 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө.

-Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын нүүрсний машины дараалал ямар байгаа вэ?

-Цагаан хадны асуудлыг Засгийн газарт тавьж холбогдох сайд нар газар дээр нь ажилласны үр дүнд 320 дугаар тогтоол гарсан. Үүний үр дүнд 140 км үргэлжилж байсан урт дарааллыг цэгцэлсэн.

Уурхайгаас шууд экспорт хийж Хятадын тал боомт дээр татан авалт муудахаар урт дараалал үүсдэг байсан. Үүнийг хилийн наана 20 км-т Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг сэргээн ажиллуулаад тэндээ нүүрсээ буулгаж уурхай руу ачдаг богино эргэлт хийж хүндрэлийг оновчтой шийдвэрлэсэн.

Зураг