Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвид Чэйс: Агаарын бохирдолд хүүхдүүдийн 98 хувь нь санаа зовдог гэсэн судалгаа гарсан

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 1 сарын 31
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Элчин сайдын яам, Төрийн бус байгууллагуудын хамтарсан "Агаарын чанарын семинар" өнөөдөр боллоо.

Иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төвийн үүсгэн байгуулагч, тэргүүн С.Батдорж "Манайх амьдрах орчны зураглалаар дамжуулан тогтвортой хот байгуулалтыг дэмжигч иргэдийн оролцоог нэмэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед утаа халуун сэдэв болоод байна.

Гэхдээ утааг бууруулах нь зөвхөн төр засаг, эсвэл донор байгууллагуудын хийх ажил биш, харин ч энэ хотод амьдарч байгаа бүх хүний хариуцлага, хийх  ажил. Тэгэхээр хүн болгон энэ асуудлыг өөртэйгөө холбон ойлгосоноор утааг бууруулах боломжтой. 

Хүн өөрөө амьдрах хугацаандаа ямар орчинг үүсгээд байгааг энэ зураглалаар дамжуулан харуулж, шийдлийг хайх юм. Бид өмнө нь хог хаягдлын тал дээр зураглалаа хэрэгжүүлээд хог хаягдлыг багасгаж байсан туршлагатай. Энэ туршлага дээрээ үндэслээд агаарын бохирдлоос хүн өөрийгөө хэрхэн хамгаалж болох вэ гэх судалгааг гарган, бусдад нөлөөлөх ажлыг хийнэ.

Энэ нь агаарын бохирдолд их хэмжээгээр өртөж байгаа газрыг GPS, агаарын бохирдол хэмждэг багажаар хэмжих судалгаа хийгдэнэ гэсэн үг.

Хэрэв хүүхэд сургуульдаа ихэнх цагаа өнгөрөөдөг гэж үзвэл сургууль доторх агаарын бохирдлыг шийдэх хэрэгтэй. Мөн автобусны буудал дээр байхдаа бохирдолд их өртдөг бол энэ үед ямар арга хэмжээг авч болох талаараа тухайн хүн бодож, шийдэл хайх юм.

Эхний ээлжид бид агаарын бохирдлыг хэмжигч төхөөрөмжөө судалгаанд оролцож байгаа ЕБС-ийн хүүхдүүдэд өгнө. Агаарын бохирдлыг бууруулахдаа хүн бүр санаачилга, хичээл зүтгэлтэй байлгах нь бидний судалгааны ач холбогдол" гэлээ.

доторх орчны агаарын бохирдол гадна орчныхтой ижилхэн хэмжээнд байгаа

 

МАСК төсөл буюу Монголын Агаарын бохирдлын талаар Сургах Компанийн захирал Дэвид Чэйс "Бид ерөнхий боловсролын сургуулиудад очоод багш нар болон сурагчдад маск хэрхэн зөв хэрэглэх талаар сургалт хийж, хүүхдүүдэд үнэгүй маск тараах ажиллагаа явуулдаг. Үүнийхээ үр дүнг ч судалж байгаа. 

Агаарын бохирдол ихтэй энэ үед хүүхдэд маскны зөв хэрэглээний талаар сургах нь үр дүнгээ өгдөг. Хүүхдүүд ч дуртай хүлээж авдаг. Мөн бидний хийсэн судалгаанаас харахад агаарын бохирдолд хүүхдүүдийн 98 хувь нь санаа зовдог гэж хариулсан. 

Хүмүүс гаднах агаарын бохирдол их байгаа гэж ярьж байгаа ч, үнэндээ доторх орчны агаарын бохирдол гадна орчныхтой ижилхэн хэмжээнд байгаа. Хэдий албан байгууллага, сургууль агаар шүүгч, маск хэрэглэж байгаа ч зөвийг нь сонгож чадахгүй байна. Тухайлбал, том танхим, өрөөнд хүчин чадал багатай жижиг агаар шүүгч ажиллуулдаг. Энэ нь маш буруу.

Тиймээс эхний ээлжид хүмүүсийн агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээ, мэдлэг ойлголтыг сайжруулах шаардлага байна" гэсэн юм.