Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мандахгэрэл: Сэлэнгэ аймагт салют буудуулж байгаад хөнгөн гэмтсэн тохиолдол гарсан

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ОБЕГ-аас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулж мэдээлэл хийлээ.

Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл "Баярын өдрүүдэд цөөнгүй хоног амрах учраас хөдөө орон нутагт зорчих хүний тоо нэмэгддэг. 

Энэ үеэр цасан шуурга шуурч, замын нөхцөл хүндэрч болзошгүй тул тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл, зам сонгохыг анхааруулж байна. Хол замд явах бол түлш, шатахууны нөөцийг хангах, дулаан хувцастай явах хэрэгтэй. 

Малчдын хувьд малаа ойрхон бэлчээрлүүлэх, малд бага насны болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг явуулахгүй байх шаардлагатай.

Шинэ баяртай холбогдуулан иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салют, бенгалийн галыг хэрэглэх нь ихэсдэг. Үүнтэй холбогдуулан бид үзлэг, шалгалт хийж байгаа. Хэдийгээр бид гар дээрээс пиротехникийн хэрэгслийг зарж, борлуулахгүй байхыг сануулдаг ч иргэд авчихсан байдаг. Мөн баталгаагүй, найдваргүйг хэрэглэх,  буудуулах хэрэгслийг ашиглаж мэдэхгүйгээс эрүүл мэндээрээ хохирсон тохиолдлууд цөөнгүй.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт шинэ жилийн арга хэмжээний үеэрээ салют буудуулж байгаад хөнгөн гэмтсэн тохиолдол гарсан байна. 

Тиймээс баталгаатай газраас худалдан авах болон орон байр, хашаандаа салют буудуулахгүй байх шаардлагатай байна. 

Түүнчлэн, хоол хүнсний бүтээгдэхүүнээ баталгаатай, найдвартай газраас худалдан авахыг зөвлөж байна" гэв.

ОБЕГ 2017 онд 4,182 дуудлага хүлээн авч, авран хамгаалах үйл ажиллагаа явуулсан
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын онцгой комиссын дарга, хурандаа М.Энх-Амар "2017 онд Онцгой байдлын ерөнхий газар байгалийн онцгой үзэгдэл, ой хээрийн түймэр, галын болон үер усны гэх мэт 4,182 дуудлага хүлээн авч, авран хамгаалах үйл ажиллагааг явуулсан. 

Үүний улмаас 203 хүн амь насаа алдаж, 62 хүн гэмтэж бэртэн, 538,6 мянган толгой мал хорогдож, 96.7 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. 

Эдгээрийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд Онцгой байдлын алба хаагчид, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Цагдаа, байгаль хамгаалагчид, иргэд оролцсон. 

Нийт 32,274 хүн, 5,520 автомашин ажиллаж, 1,152 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 21.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Засгийн газар, Онцгой байдлын алба болон орон нутгаас 14.5 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Мөн 2017 онд Онцгой байдлын албаны 3,037 аврагч, 603 автомашин ажиллаж, 2,735 хүнд анхны тусламж үзүүлэн, 136 хүний амь насыг аварчээ” гэв.