Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюунжаргал: Шинэ оны эхний хоногуудад зарим нутгаар шөнөдөө -46 градус хүрнэ

А.Намуун, iKon.mn
2017 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларч, говийн аймгийн нутгаар нэмэх градус хүртэл дулаарсан байна. Гэвч 28-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна гэж ЦУОШГ-аас өнөөдөр мэдээллээ. 

ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал "Арванхоёрдугаар сарын 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 30-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар цас ахиухан орж, цасан шуурга шуурна. 

Ингэснээр цасны зузаан нэмэгдэх, зам даваа цас шуурганд хаагдах, үзэгдэх орчин хязгаарлагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг зам тээвэр, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг онцгойлон сэрэмжлүүлж байна.

12 дугаар сарын 31-нд баруун аймгуудын нутгаар, 2018 оны нэгдүгээр сарын 1-2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас ахиухан орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

29-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Ялангуяа шинэ оны эхний хоногуудад шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндий, Дархадын хотгороор -41-46 градус хүрч хүйтэрнэ.

Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар -37-42 градус, бусад нутгаар -25-30 градус хүрч чангарах төлөвтэй байна.

Иймд малчид, тээвэрчид, зорчигчид цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг өдөр бүр шинэчлэн хүлээн авч байхыг зөвлөж байна" гэв.

Мөн Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах, хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг учир хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг ОБЕГ-аас анхаарууллаа.