Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ксения Собчак ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын шоу ертөнцийн од, телевизийн хөтлөгч, сэтгүүлийн эрхлэгч, сөрөг хүчний улс төрч гэгддэг, 35 настай Ксения Собчак 2018 оны хавар болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаагаа зарлажээ.

Алдартай реалити шоуны хөтлөгч, олон улсын томоохон шоу цэнгээнүүдийн байнгын зочин, Плэйбой сэтгүүлд зургаа авхуулж байсан, “L’Officiel Russia” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч түүнийг Оросын олон нийт харилцан адилгүй хүлээж авдаг.

Ксениягийн талийгаач эцэг Анатолий Собчак нь Оросын нэртэй улс төрч байсан бөгөөд 1990-ээд оны үед Санкт Петрбург хотын анхны ардчилсан замаар сонгогдсон даргаар ажиллаж байжээ.

Тухайн үед өнөөдрийн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Собчакийн багт орж ажилласнаар улс төрийн замналаа эхэлж байсан гэдэг. Тиймээс Собчакийг Путины гол халамжлан хүмүүжүүлэгч гэж үздэг юм.

Өнгөрсөн есдүгээр сард Ксенияг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай яриа гарахад Путин “Би Ксениягийн аавыг үргэлж хүндэтгэж, орчин үеийн Оросын түүхийн гол баатруудын нэг гэж үнэлж явдаг. Тэр бол миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн” хэмээн Ведомости сонинд ярьж байв.

Гэхдээ тэр хувийн харилцаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нөлөөлөх ёсгүй гээд Ксениягийн амжилт түүний ямар улс төрийн мөрийн хөтөлбөр дэвшүүлэхээс хамаарна гэж хэлжээ.

Нэр дэвших болсноо зарласан Ксениягийн мэдэгдэлд тэрээр боловсрол, хууль эрх зүйн системийг голчлон шинэчлэх зорилготой байгаагаа дурдсан байна.

Бас тэр Оросын эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хангахын төлөө ажиллахаа амлажээ. Мэдэгдэлд “Орост өнөөдөр 500 орчим ажил мэргэжил албан ёсоор эмэгтэйчүүдийн өмнө хаалттай байна. Мөн эмэгтэйчүүдийн цалин хангамж эрчүүдийнхээс бараг 30 хувь доогуур байна. Үндэсний хэмжээний томоохон компаниудын удирдах албан тушаалын 5 хувьд л эмэгтэйчүүд сууж байна” гэж онцолсон байна.

Ксения бас өөрийн давуу талыг илэрхийлэхдээ “Би Оросын улс төрийн хүрээний хэнтэй ч ярилцах чадвартай, учир нь би сэтгүүлч хүн” гэжээ.

Тэр бас Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг нэр дэвшигчээр бүртгэхийг уриалж, түүнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Гэвч Навальный түүнийг сөрөг хүчний нөлөөг бууруулахаар бодлоготой дэвшүүлж байгаа хүн гэж үздэгээ нуудаггүй бөгөөд сөрөг хүчнийхний саналыг хуваана гэж болгоомжилж байгаа.

Одоогоор 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Либерал Ардчилсан Намын дарга Владимир Жириновский, Яблоко намын үүсгэн байгуулагч Григорий Явлинский, Коммунист намын дарга Максим Сурякин нар нэр дэвшиж байгаагаа зарлаад байна.

Харин дахин сонгогдоно гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа Владимир Путин одоогоор нэр дэвшихээ зарлаагүй байгаа юм. 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох сонгуулийн ажиллагаа энэ оны арванхоёрдугаар сард эхэлнэ.

Уг сонгуульд нэр дэвшихийн тулд доод тал нь 300,000 хүний гарын үсэг цуглуулах ёстой юм.

 

Эх сурвалж: Russia Today