Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ши Жиньпиний илтгэлийн үргэлжилсэн хугацаа дээд амжилт тогтоож, коммунистуудыг залхаажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Долоо хоног үргэлжлэх Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурлын ажиллагаа өнөөдөр нээгдэж байгаа. Таван жил тутамд хуралдаж, дараагийн удирдагчаа сонгодог энэхүү том арга хэмжээг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж, өнгөрсөн таван жилийн тайлангаа танилцуулсан юм.

Танхимыг дүүргэсэн 2,300 орчим намын гишүүн, тэдгээрийн дотор Хятадын өмнөх удирдагчид болох Ху Жиньтао, Жянь Зэминь  нар түүний илтгэлийг чих тавин сонссон байна.

Сонирхолтой нь Ши Жиньпиний илтгэл 3.5 цаг үргэлжилж, хуралд оролцогсдын тэвчээрийг шалгажээ.

Ши Жиньпиний өмнөх удирдагч Ху Жиньтао 2012 онд 1.5 цаг үргэлжилсэн илтгэл тавьж байсан бол түүний өмнөх дарга Жянь Зэминь 2002 онд 15 минутанд багтаан дөрвөн онцлох баримтыг дурдаад, бүрэн илтгэлээ хэвлэмэл байдлаар тарааж байсан юм.

Өнөөдөр өглөөний хуралдааныг бүрэн эзэлсэн Шигийн илтгэлийн үеэр 91 настай Жянь Зэминь маш олон удаа цагаа харж, эвшээж, үүрэглэж байсан нь олны анхаарлыг татсан байна.

Зарим хэвлэлийнхэн түүнийг хэдэн удаа цаг руугаа харахыг тоолж эхэлсэн ч сүүлдээ тоогоо алдсан гэнэ.

Урт удаан илтгэлээ дуусгаад нижигнэсэн алга ташилтын дор суудалдаа эргэж ирсэн Ши Жиньпинд Ху Жиньтао цаг руугаа зааж харуулж байгаа нь сэтгүүлчдийн дуранд өртсөн байна.

Харин өндөр настай Жянь Зэминь ямар нэг үйлдэл үзүүлээгүй өнгөрчээ.

 

Эх сурвалж: Quartz