Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Цаазын ялыг устгах тухай маргалдаж байгаа Зимбабвед алуурчны ажил эрэлттэй байна

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Зимбабвегийн хоригдлууд

Африкийн өмнөд хэсгийн Зимбабве улсад цаазын ялыг устгах эсэх талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй маргалдаж байгаа юм. Ерөнхийлөгч Роберт Мугабе өнгөрсөн онд 10 хэрэгтний цаазын ялыг хөнгөрүүлэх зарлиг гаргаснаа танилцуулахдаа түүний засгийн газар уг ялыг бүрмөсөн устгах эсэх талаар хоёр хуваагдаад байгааг мэдээлж байв.

Зимбабвед хамгийн сүүлийн цаазын ялыг 2005 онд гүйцэтгэжээ. Гэвч одоогийн байдлаар 90 хүн цаазын ялаа хүлээж байгаа гэнэ.

Харин цаазын ялыг гүйцэтгэдэг байсан сүүлийн мэргэжилтэн 2006 онд тэтгэвэртээ гарч, энэ чухал албан тушаал 12 жилийн турш эзгүй байгаа гэнэ.

Энэ долоо хоногт Зимбабве улсын хууль зүйн яам мэдээлэхдээ алуурчны ажлын байранд нийт 50 хүн өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаагийн дотор эмэгтэйчүүд ч байгаа гэжээ.

Ийм ажлын байранд хүртэл өрсөлдөөн өндөр байгаагийн шалтгаан нь Зимбабве улсад ажилгүйдэл газар авч, Дэлхийн Банкны гаргасан тоогоор 80 хувьд хүрээд байгаатай холбоотой гэнэ.

Сүүлийн 10 жил орчим хугацаанд олон сая Зимбабве хүмүүс Африкийн бусад орнуудад ажил хайн тарж явсан байна. Гадаадын хөрөнгө оруулалт татарч, олон компаниуд хаагдаад байгаа. Зимбабве хүмүүсийн ихэнх нь хар захаас амьдралаа залгуулж байгаа тул тогтмол цалинтай ажлын байр ховор эрдэнэ болоод байгаа юм.

Тиймээс хэзээ эзэнтэй болох нь тодорхойгүй байгаа  тус улсын цорын ганц цааз гүйцэтгэгчийн орон тоонд ажиллахыг хүсэгчид засгийн газрын шийдвэрийг чих тавин хүлээж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Quartz