Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсыг 2050 онд дэлхийн тэргүүлэгч гүрэн болгох зорилтыг Ши Жиньпин зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр эхэлж байгаа Хятадын Коммунист Намын 19 дүгээр их хурал БНХАУ-ын дарга Ши Жиньпиний илтгэлээр эхэлжээ.

“Ажлын тайлан” гэж нэрлэсэн уг илтгэлд Ши Жиньпин өнгөрсөн таван жилийн үр дүнгээ танилцуулж, мөн ирэх таван жилийн улс орны хэтийн зорилтыг зарласан байна.

Хятадын муж, хязгаар бүрээс ирсэн 2,200 төлөөлөгч түүний хэлсэн үгийг анхааралтай сонсож байгаа юм.

Ши Жиньпиний илтгэлээс онцлох зорилтуудыг нь танилцуулж байна.

  • Улс орны хүчин чадал, гадаад ертөнцөд үзүүлэх нөлөөгөөр Хятад улс 2050 онд дэлхийн тэргүүлэгч гүрэн болно.
  • Хятад улсыг “орчин үеийн хүчирхэг социалист гүрэн” болгохдоо хоёр шаттай ажиллана. Үүнд 2020-2035 он, 2035-2050 он гэж хуваах ажээ.
  • Гадаадын хөрөнгө оруулагчдад өөрийн зах зээлдээ хандах боломжийг илүү нээж өгнө.
  • Орон сууцжуулах ажлыг нэмэгдүүлнэ. Орон сууцанд амьдрах нь мөрөөдөл биш болно.
  • 2020 он гэхэд ядуурлыг ихээр бууруулж чадах шинэчилсэн бодлого хэрэгжүүлнэ. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хятад улс 60 сая хүнийг ядуурлаас гаргасан гэжээ.
  • Байгаль орчныг хамгаалах, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлд илүү анхаарал хандуулна. Ши Жиньпин “Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд гарах хувьсгалыг бид дэмжиж ажиллана” гэжээ. Мөн “тэнгэрээ дахин цэлмэг хөх өнгөтэй болгоно” гэж зарласан байна.
  • Хятадын армийг орчин үежүүлж шинэчилнэ. 2050 онд Хятад улс дэлхийн хэмжээний зэвсэгт хүчинтэй болно гэжээ.
  • “Нэг улс, Хоёр систем” бодлогыг Хонг Конг, Макаод үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн Тайванийг тусгаар тогтнуулах санааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Ши Жиньпин бас Хятад улсыг “дэлхийн хамгийн том хөгжиж байгаа орон”, “дэлхийн хоёр дахь том эдийн засаг”, “дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээл” болсныг зарлаад, олон арван жилийн турш гадаадын тусламж авдаг байснаа саяхан “дэлхийн хамгийн том хандивлагч орон” болсныг мөн мэдэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider