Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Аляск, Гринланд, Оросын галт уулс дэлбэрэхэд эртний Египетчүүдийн амьдрал өөрчлөгддөг байжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд манай дэлхийн хойд хагасын галт уулсын идэвхжил эртний Египетийн нийгэмд нөлөөлдөг байсныг олж тогтоосноо эрдэмтэд тайлбарласан байна.

Тодруулбал галт уулс дэлбэрэх үед Нил мөрний ус татарч, ургац багасан, эртний Египетчүүдийн хүнсний нөөцөд нөлөөлснөөр нийгмийн амьдралд янз бүрийн үйл явдал өрнөхөд хүргэж байсан гэнэ.

Нэг үгээр хэлбэл хүнсний хомсдолд орсон нийгэмд тогтворгүй байдал бий болдог байжээ. Судалгааны багт ажилласан Иелийн их сургуулийн түүхч Жозеф Мэннинг “Аляскийн галт уулс Нил мөрний урсгалд нөлөөлдөг гэсэн санаа нь хачин сонсогдож байж болох ч үнэндээ ингэдэг байжээ” гэж хэлсэн байна.

Хоёр жилийн өмнөөс тэд галт уулсын идэвхжлийн геологийн баримтыг, эртний Египетийн түүхийн бичвэрүүдтэй нийлүүлэн судалж эхэлжээ.

Ингэхэд галт уулсын дэлбэрэлтийн улмаас үүссэн хүхрийн хий агаар мандалд давхарга бий болгож, тэр нь Египетийн нутаг дэвсгэрт буух хур тунадасны хэмжээнд хамгийн их нөлөөлдөг байсныг тогтоосон байна.

Эндээс харвал Грекийн Птолемейн захиргаанд байсан Египетчүүд галт уулс дэлбэрсэн жил бослого тэмцэл их гаргадаг байсан ба энэ нь хоол хүнс хомсдож, нийгэмд тогтовргүй байдал үүссэнээс болдог байжээ. Өмнө нь түүхчид бослого тэмцлийн уг шалтгааныг Грекчүүд татвараа нэмсэн зэрэгтэй холбон тайлбарладаг байв.

Мөн энэ үед галт уулс дэлбэрсэн жил гадаад руу чиглэсэн дайн байлдаан зогсдог байжээ. Тодруулбал ар талд нь тогтворгүй байдал үүсэхэд цэргээ татаж, дотоод байдалдаа илүү анхаарал тавьдаг байсан гэсэн үг юм.

Жишээ нь НТӨ 247, 244 онуудад болсон галт уулын томоохон дэлбэрэлтүүдийн үед Птолемей III хаан Бабилоны хаяанд тулаад байсан цэргүүдээ татаж, дотоодын асуудлаа шийдэж байсан давхцал ажиглагдсан байна.

 “Хэрвээ Птолемей цэргээ таталгүй цааш Ойрх Дорнодыг бүхэлд нь дайлсан бол хүн төрөлхтний түүх өөрөөр эргэх боломжтой байжээ” гэж Мэннинг үүнийг дүгнэн ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press