Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Анти-Израйль” үзэлтэй байгууллага гэдэг шалтгаанаар UNESCO-гоос АНУ, Израйль улсууд гарлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын олон байгууллагууд дотроос хамгийн нэр хүндтэй нь UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization) юм. 1946 онд байгуулагдсан UNESCO-гийн гол зорилго нь хүн төрөлхтний соёлын өвүүдийг хамгаалахад оршдог.

Гэтэл АНУ-ын төрийн департмент энэхүү чухал байгууллагын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа өчигдөр зарлалаа. Цаашдаа зөвхөн ажиглагч статустай байж, ямар нэг төлбөр төлөхгүй, үүрэг хүлээхгүй болж байна. UNESCO-гийн дэлхийн түүхэн дурсгалт газруудын жагсаалтад АНУ-аас 23 газар багтдаг хэдий ч биет бус соёлын өв ганц ч бүртгэгдээгүй байдаг.

АНУ-ын гарах болсон шалтгаан нь уг байгууллагын “анти-Израйль” үзлээс болсон гэнэ. НҮБ-ын гишүүн болж чадаагүй Палестиныг UNESCO гишүүнээр элсүүлж, нутагт нь оршдог Хеброн хотыг дэлхийн түүхэн дурсгалт газрын жагсаалтанд бүртгэсэн нь АНУ-ын таалалд нийцээгүй бололтой. Израйль улс ч UNESCO-гийн шийдвэрийг эсэргүүцэж байсан юм.

Израйльчууд Хеброн хотыг Жүүдийн соёлын өвд харьяалагдах ёстой гэж үздэг аж.

Ер нь АНУ UNESCO-г улс төрийн байр сууриа илэрхийлэхэд ашигласаар ирсэн түүхтэй. 1984 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган мөн л UNESCO-гоос гарах шийдвэр гаргасан нь тус байгууллагыг Зөвлөлтийн талыг баримталдаг, Израйлийн эсрэг, чөлөөт зах зээлийн эсрэг үзэлтэй гэж үзсэнийх байв. 2002 онд Жорж Буш АНУ-ыг дахин гишүүнээр элсүүлсэн юм.

Харин 2011 онд Барак Обама АНУ-аас UNESCO-д төлдөг төлбөрийг нэлээд хэмжээгээр хассан байна. Ингэх болсон шалтгаан нь UNESCO Палестиныг гишүүнээр элсүүлсэнтэй холбоотой. Тэр үеэс хойш уг байгууллагад төлөх төлбөрөө АНУ огт төлөөгүй ба энэ нь хуримтлагдсаар $500 сая гаруй болсон байна. 2013 онд UNESCO төлбөрөө төлөөгүй шалтгаанаар АНУ-ын саналын эрхийг нь хассан юм.

Өчигдөр АНУ-ыг гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа зарласны дараахан Израйль улс мөн UNESCO-г орхиж байгаагаа мэдэгджээ.

 

Эх сурвалж: Quartz