Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг БУУРЧЭЭ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль шинэчлэгдэж, 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс хэрэгжиж эхлээд найм дахь сартайгаа золгож байна.

"Хууль хэрэгжсэнээр гэр бүлийн хүчирхийлэл энэ оны эхний найман сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 19.6 хувиар буурсан. Тодруулбал 442 гэмт хэрэг нийслэлд бүртгэгдсэн.Энэ төрлийн нийт гэмт хэргийн 375 буюу 85 орчим хувь нь хөнгөн хэрэг, 38 нь хүндэвтэр, 17 хүнд, 12 нь онц хүнд ангиллын хэрэг байна" хэмээн Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан тайлбарлалаа. 

Мөн тэрбээр "Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нийт хүмүүсийн дийлэнх нь буюу 91.2 хувь нь эмэгтэй хүн байгаа. Харин өнгөрсөн оны найман сарын байдлаар нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн 550 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 176 хэргээр буюу 47 хувиар өссөн.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 458 буюу 83.2 хувь нь хөнгөн 67 нь хүндэвтэр, 20 нь хүнд, 5 нь онц хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байгаа" гэлээ. 

ГРАФИКӨнгөрсөн он болон энэ оны гэр бүлийн хүчирхийллийн талаарх харьцуулалт

Ингээд Э.Баярбаясгалантай энэ төрлийн гэмт хэрэг буурахад юу нөлөөлсөн, гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд цагдаагийн ажилтны хүлээх үүргийг хэрхэн тусгаж өгсөн талаар ярилцлаа. 

Түр хамгаалах байранд 1,400 гаруй хохирогчийг хүлээж авсан

 
Гэрэл зургийг mpa.mn

-Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахад юу нөлөөлж байгаа бол? 

-Шинэ хууль хэрэгжиж эхлээд жил болоогүй байна. Иймээс яг юу нөлөөлж байгаа талаар хэлэхэд эрт байгаа. Бид одоогоор судлаж байна. 

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуульд хохирогчийг хамгаалах чиглэлээр "Түр хамгаалах байр"-ыг бий болгохоор заасан.  Энэ ажил хэр явагдаж байгаа вэ?

-Уг хуульд цагдаагийн албан хаагч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр юу хийх талаар тодорхой зааж өгсөн. Үүнийг дагаад цагдаагийн албаны тухай хуулийн 46-р зүйлд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр цагдаа юу хийх ёстойг тусгасан байгаа.

Цагдаагийн байгууллагын албан хаагч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэлд нэн түрүүнд очдог болсон.

Тухайлбал хулгайн дуудлага юм уу? танхайн гэмт хэргийн дуудлагаас гэр бүлийн хүчихийллийн дуудлагад түрүүлж очно. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой гэдэг утгаараа тэр шүү дээ.

Ингээд очсон тохиолдолд нэн түрүүнд цагдаа нар аюулын зэргийн үнэлгээ хийнэ. Энэ үнэлгээ нь хохирогч хүчирхийлэлд үнэхээр өртсөн байна уу? гэдгийг мэдэж, амь нас нь хэр эрсдэлтэй байгааг тогтоодог.

Хохирогчид ямар хамгаалалт авах вэ гэдгийг үүгээр тогтоодог юм. Түр хамгаалах байранд юм уу төрөл садных нь хамгаалалтад хохирогчийг хүлээлгэж өгнө гэж хуульд заасан. 

Түр хамгаалах байр хуулиараа төрийн болон төрийн бус байгууллагын алинд нь ч байж болно. Цагдаагийн байгууллагын харъяанд нэг түр хамгаалах байр байдаг. Уг байранд 1,400 гаруй хохирогчийг хүлээж авч хамгаалалтад авсан.

Хуулиараа түр хамгаалах байрны байршил нууц байдаг. Иргэд цагдаагийн 107 тусгай дугаар руу хандаж мэргэжлийн сэтгэлзүйч нараас өвлөгөө авч болно. 

Гэр бүлийн хүчирхийллийг нотлоход хүндрэлтэй

-Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг болсон. Үүнээс үүдэж хүчирхийлэл үйлдсэн бол хүлээх хариуцлага ямар болж байгаа вэ? 

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хоёрдугаар сарын 01-ний өдрөөс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн зөрчил гарч ирсэн. Долоодугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн болон Зөрчлийн хуульд ч мөн тусгасан.

Гэр бүлийн харилцаатай хүнээ зодож, хуваарьт болон дундын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан гэх мэт үйлдлийг байнга хийх юм бол гэмт хэрэг болно. Харин эдгээр үйлдлийг байнга биш ганц удаа хийвэл зөрчил гэж үзнэ.

Гэхдээ цагдаагийн байгууллагаас байнга зодож байж гэмт хэрэг болдог учраас та хоёр зодуулчихаад ир гэж хэзээ ч хэлэхгүй. Ямар төрлийн хохирол учруулсан бэ гэдгийг харж үзнэ. Гэр бүлийн хүчирхийллийн нэг онцлог нь байнга давтагдах шинжтэй байдаг. Дээрээс нь хаалттай хаалганы цаана хайртай, дотны хүмүүсийн дунд үйлдэгдэж байгаа учраас нотлоход хүндрэлтэй.

Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг торгодог байсан бол одоо шууд баривчилна. Тухайн иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүх гаргана. Баривчлахдаа албадан сургалтад хамруулна.

Шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш цагдаагийн байгууллага 1,000 гаруй хүнийг баривчлах хүсэлтийг шүүхэд гаргасан.​ Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн гэмт хэргээр нийслэл хотод 37 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хэрвээ гэмт хэрэг үйлдвэл хорих заалттай байгаа.  

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цагдаагийн албан хаагчдыг бэлдэх, чадавхижуулах тал дээр хэрхэн ажиллаж байна?

-Энэ оны нэгдүгээр сард нийслэл хотын дуудлага мэдээлэл дээр ажиллах болоод хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах 4,500 гаруй албан хаагчид сургалт хийсэн.

Хохирогчийн зан байдлыг хэрхэн ойлгох, хүчирхийлэл үйлдэгч ямар ааш зан гаргах вэ, ямар нотлох баримтыг илүүд үзэх вэ, байцаалтаа ямар асуултаар эхлэх зэрэг хичээлийг орсон байгаа. Хууль сахиулахын их сургуулийн сонсогч нарт мөн энэ чиглэлийн хичээл ордог. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх нь ганцхан цагдаа нарын хийдэг ажил бас биш. Төрийн бүх байгууллагуудад хамаатай. Idlo гэдэг олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтраад 21 аймгийн прокурор, шүүгч, цагдаагийн ажилтнууд болон  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах зөвлөлийн гишүүдэд сургалт явуулж байгаа.

Энэхүү зөвлөл нь хохирогчид туслалцаа үзүүлэх хамтарсан багыг удирдан чиглүүлэх үүргийг хүлээсэн.

 Мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцна

-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг хамгийн түрүүнд хаана хандаж өгөх ёстой вэ?

-Төрийн байгууллага албан тушаалтан болгон гэр бүлийн хүчирхийллийг мэдээллэх үүргийг хүлээнэ. Хэрэв эдгээр хүмүүс мэдээлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанд ажиллах уу үгүй юу гэдэг асуудал яригдана.

Иргэдийн хувьд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өгч болно.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд уг утсанд ирсэн мэдээлэлд ямар дугаараас яагаад хандав гэдэг талаар дүгнэлт хийж ажиллана. Байнга 102 тусгай дугаар руу ханддаг айлд хүчирхийлэл байна гэсэн үг шүү дээ.

Мөн иргэд маань хорооныхоо хэсгийн байцаагч болон хорооны засаг даргад гэр бүлийн хүчирхийллийн мэдээллээр хандаж болно. 

Гэхдээ нэг ийм  зүйл байдаг. Цагдаагийн байгууллагад хөршийнхөө тухай мэдээлэл өглөө гэхэд өөрийнхөө аюулгүй байдалд халдах вий гэсэн айдас иргэдийн дунд байгаа. Үүнээс айх хэрэггүй.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд дуудлага мэдээлэл өгсөн иргэний аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хариуцахаар үүрэг хүлээсэн.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль: