Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг ЯАРАЛТАЙ хуралдуулж ЕС-ыг томилох саналаа ирүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 9 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.

Уг албан бичигт:

“Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад байгаа билээ.

Төрийн тэргүүн намрын ургац хураалт, 2018 оны улсын төсвийг хэлэлцэх энэ цаг үед үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэж үзжээ.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн албан ёсоор тодрох бололтой.