Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Чечений Кадыров Кремлиэс тусдаа гадаад бодлого явуулж эхлэв үү?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Москва дахь Мьянмарын элчин сайдын яамны гадна олон зуун муслимууд эсэргүүцлийн жагсаал хийх болсон нь тус улсад Рохинжа муслим цөөнхийн эсрэг явуулж байгаа геноцидтай холбоотой юм.

Буддын шашин давамгайлдаг Мьянмар улсын эрх баригчид тус улсын баруун хэсэгт амьдардаг муслим цөөнхийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаагаас олон мянган хүн хөрш Бангладеш руу дүрвэж байгаа аж.

Харин Орост өрнөж байгаа энэ тэмцлийг зохион байгуулагч нь Чечений БНУ-ын тэргүүн Рамзан Кадыров юм.

Эдүгээ 40 настай Кадыров өөрийн Бүгд Найрамдах Улсын онцгой дархлагдсан удирдагчаар тодорсон нь Кремль хоёр удаа тус бүс нутагт цуст дайн хийсний дараа тогтвортой байдлыг нь хангахын тулд эрх чөлөө, санхүүгийн дэмжлэгийг их хэмжээгээр өгөх болсонтой холбоотой гэгддэг.

Хүний эрх зөрчдөгөөрөө алдартай Кадыров бие даан Ойрх Дорнодын Саудын Араб, Иордан, Палестиний удирдагч нартай дотно харилцаа тогтоосон байдаг.

Тэгвэл тэр есдүгээр сарын 2-нд Инстаграм хуудсаараа видео мэдэгдэл хийхдээ “Хэрвээ эдгээр цөөвөр чононуудын (Мьянмарын эрх баригчид) үйлдэж байгаа гэмт хэргийг Орос дэмжвэл би эсэргүүцнэ. Учир нь би өөрийн үзэл бодолтой хүн” гэж хэлсэн нь олон нийтийг гайхшруулаад байна.

Үүнээс хоёр хоногийн дараа Чечений нийслэл Грозныйд олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, Мьянмарын эрх баригчдын харгислалыг буруутгасан юм.

Ажиглагчид Кадыровыг ингэснээрээ зөвхөн Чечений удирдагч биш, өөрийгөө дэлхийн Муслимуудын удирдагч болгож харуулж байна гэж дүгнэжээ.

Дараа нь Кадыров Оросын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Надад эрх мэдэл нь байхгүй учраас би тийш нь цэрэг илгээж чадахгүй. Хэрвээ надад эрх нь байсан бол би тэдэнд цөмийн цохилт өгөх байсан юм. Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшчүүлийг хядаж байгаа хүмүүсийг зүгээр л устгах байсан” гэж ярьжээ.

Түүний мэдэгдэл Оросын нэгдмэл байдал ямар эмзэг байгааг харуулсан хэрэг гэж ажиглагчид бас дүгнэж байгаа юм. Чечень болон Умард Кавказийн бүс нутаг үргэлж Оросын эмзэг цэг байсаар ирсэн нь нууц биш.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty