Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсгийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг АНУ Өмнөд Солонгост зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын дараа Өмнөд Солонгосын пуужинд суурилуулах цэнэгт хошууны жингийн хязгаарлалтыг хүчингүй болгохыг АНУ зөвшөөрчээ.

Одоогийн гэрээ ёсоор Өмнөдийн байлдааны пуужингуудын цэнэгт хошууны жин 500 кг-аас хэтрэхгүй байхаар Вашингтон, Сөүл хоёр тохиролцсон байдаг. Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нар утсаар ярилцсаны дараа ийм тохиролцоонд хүрчээ.

Үүнээс гадна Дональд Трамп олон тэрбумын зэр зэвсгийг АНУ-аас Өмнөд Солонгост нийлүүлэх ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрсөн гэнэ. АНУ-Өмнөд Солонгосын цэргийн хамтын ажиллагааны гэрээнд Өмнөдийн газар нутагт байрлуулах пуужинд тодорхой хязгаарлалтууд тавьсан байдаг.

Тухайлбал 2012 онд уг гэрээг шинэчлэхдээ Сөүлийн пуужингийн тусгалын зайг 800 км болгон сунгасан ч цэнэгт хошууны жинг 500 кг-аар хязгаарлахыг Вашингтон зөвшөөрсөн юм.

Энэ оны эхээр Өмнөд Солонгос 800 км тусгалтай баллистик пуужинг амжилттай харваж туршсан байна. 800 км зай нь Өмнөдийн аль ч цэгээс Хойд Солонгосын дурын цэгт цохилт өгөх боломжтой хязгаар юм.

Хоёр удирдагч бас Хойд Солонгосын сүүлийн цөмийн туршилтын дараа тус дэглэмийн эсрэг ямар хориг нэмж авах талаар зөвлөлджээ. Хөх ордны эх сурвалжийн мэдээлснээр энэ удаа Хойд Солонгосын газрын тосны хангамжийг зогсоох боломжийг судалж байгаа гэнэ.

Пуужингийн цэнэгт хошууны жингийн хязгаарлалтыг цуцлах саналыг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч өнгөрсөн долдугаар сард, Пёньян хоёр дахь удаагаа алсын тусгалын баллистик пуужин туршсаны дараа Вашингтонд гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Russia Today