Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосоос цацраг идэвхит туяа бүртгэгдээгүйг Хятад, Японы талууд мэдээллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгосын гүйцэтгэсэн устөрөгчийн бөмбөгний туршилтын дараа агаар мандалд ямар нэг цацраг идэвхит туяа бүртгэгдээгүй талаар Хятад, Япон улсын эрх баригчид өнөөдөр мэдээллээ.

Газар доорх дэлбэрэлтээс алдагдсан хорт туяа агаар мандалд тархах вий гэсэн айдас хил залгаа улс орнуудын санааг зовоож байсан юм. Ням гарагийн туршилтын дараа Япон даяар ажиллаж байгаа агаарын хяналтын байгууламжуудад ямар нэг онцгой зүйл бүртгэгдээгүйг тус улсын засгийн газрын төлөөлөгч Ёшихиде Суга өнөөдөр мэдээлжээ.

Хятадын байгаль орчны яам мөн Хойд Солонгосын хил орчмын агаар мандалд нөхцөл байдал хэвийн байгааг өнөөдөр мэдээлсэн байна. Тус яамны вэбсайтад “Хойд Солонгосын цөмийн туршилт одоогоор манай улсын байгаль орчин, хүн амд ямар нэг нөлөө үзүүлэхээргүй байгаа нь хэмжилтээс харагдаж байна” гэжээ.

Өчигдөр Японы батлан хамгаалахын сайд Ицунори Онодера агаар мандал дахь цацраг идэвхийн хэмжээг тодорхойлох багажтай нисэх онгоцнуудыг хөөргөхөөр бэлдэж байгаагаа мэдээлж байв.

Хойд Солонгосын устөрөгчийн бөмбөгийн туршилтын үеэр хоёр дараалсан дэлбэрэлт бүртгэгдсэн нь хөрш зэргэлдээ орнуудыг айлгаж байсан юм. Найман минутын дараа болсон хоёр дахь дэлбэрэлт нь туршилт явуулсан хонгилын системийн эвдрэл байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд сэжиглэж байв. Хэрвээ ийм зүйл тохиолдсон бол цацраг идэвхит бодис алдагдах аюултай гэж үзэж байжээ. Зургаа дахь удаагаа зохион байгуулсан Хойд Солонгосын цөмийн туршилт урьд өмнөх туршилтуудаас олон дахин хүчтэй болсон гэгдэж байгаа. Тухайлбал тав дахь туршилтаас 5-6 дахин, дөрөв дэх туршилтаас 11 дахин хүчтэй болсныг мэргэжилтнүүд хэмжсэн байна.

 

Эх сурвалж: AFP