Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн ЭСЯ-ны “Бичил төслийн хөтөлбөр”-т шалгарсан 10 төслийг зарлалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар дахь Австралийн Элчин сайдын яамнаас жил бүр зарладаг “Бичил төслийн хөтөлбөр”-ийн дүн гарлаа.

2017-2018 онд нийт 10 байгууллага 240 мянган австрали долларын санхүүжилт авах юм байна.

Бичил төслийн хөтөлбөрт (БТХ) 500 гаруй байгууллага өрсөлдсөнөөс 10 байгууллагын төсөл шалгарчээ. 

  1. Монголын Хавдрын үндэсний зөвлөл таван бүсэд хүний хөхөнцөр вирус болон түүний эсрэг вакцины талаарх ойлголт, хандлагыг тандан судална. Улмаар охид, эмэгтэйчүүд хүний хөхөнцөр вирус болон түүнээс үүдэлтэй өвчин, тухайлбал умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх аян зохион байгуулж, гарын авлага, материал бүс нутгуудаар түгээнэ.
  2. Жилд 4,000 хүүхдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг улсын Цэргийн нэгдсэн госпиталын Хүүхдийн тасаг эмчилгээний тоног төхөөрөмжөө сайжруулж, эмч сувилагч нараа сургалтанд хамруулах замаар эмчилгээний чанар, хүртээмжээ улам боловсронгуй болгоно.
  3. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг Улаанбаатарын мэргэжлийн эмч багш нартай хамтран, эмч, сувилагчдаа эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх сургалтад хамруулна.
  4. “Хүчирхэг хөвгүүд” клуб “Хүчирхийллийн эсрэг хүчирхэг хөвгүүд” төслийн хүрээнд УБ хотын есөн сургуулийн хөвгүүдийг сургалт сурталчилгаанд хамруулж, хүчирхийллийн бус зан үйл, төлөв хандлагад сургана.
  5. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн түр хоргодох байрыг тохижуулж, хохирогчдыг мэргэжлийн ур чадварын сургалтанд хамруулна.
  6. ФАРМ ТББ зудад нэрвэгдсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 27 өрхөд малын арьс шир боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологи зааж, тоног төхөөрөмжөөр хангана.
  7. Хангарьд Ротари Клуб, Австралийн КЕСАБ Байгал орчны шийдэл ТББ хамтран Цагаан давааны хогийн цэг, Налайх дүүргийн ядуу, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд цаасан хог хаягдал боловсруулан, түлш бэлтгэх сургалт явуулж, цех байгуулан ажиллахад нь дэмжлэг үзүүлнэ.
  8. Монголын Хараагүй иргэдийн холбоо зургаан сургуулийн хараагүй болон харааны бэрхшээлтэй 850 хүүхдэд зориулж, сурах бичиг, уран зохиол, үлгэрийн номууд брайл үсгээр хэвлүүлнэ.
  9. ЛГБТ Төв бэлгийн цөөнх иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр онол практикийн бага хурал зохион байгуулж, хөдөө орон нутгийн эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулна.
  10. Монголын Крикет сонирхогчдын холбоо 8-16 насны 2,000 хүүхдийг крикет тоглох боломжоор хангаж, оюун ухаан, бие бялдрын хөгжлийг нь дэмжиж, багаар ажиллах чадвар олгоно.

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри “Монгол Улсын тогтвортой хөгжлийг дэмжих, ядуурлыг бууруулахаар ажилладаг Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг бид Бичил төслийн хөтөлбөрөөр дэмжин, буцалтгүй тусламж үзүүлдэг.

Бодит үр дүнд хүрэх төслүүдийг сонгон санхүүжүүлснээрээ МУ-ын хөгжлийг урагшлуулна гэдэгтээ итгэлтэй байдаг” хэмээн  ярьсан юм.

Бичил төслийн хөтөлбөр нь эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, хүүхэд залуусын хөгжил, орлогын эх үүсвэр нэмэгдүүлэх болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслүүдийг санхүүжүүлдэг байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар дахь Австралийн Элчин сайдын яам