Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд сум тэсэрч нэг иргэн амиа алджээ

С.Уул
2017 оны 8 сарын 7
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан гэнэ-

Өнгөрсөн баасан гарагт Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо сум тэсэрч, нэг иргэн газар дээрээ нас барж нэг иргэн нь бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ. Энэ асуудлаар БХЯ-ны удирдлагууд яаралтай хурал болж болсон үйл явдлыг тодруулахаар албаны хүмүүсээс байцаалт авчээ. Түүнчлэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзан, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн дэргэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ талаар асууж тодруулжээ.

Тухайлбал, Уг дуудлагыг энэ сарын 04-ний өдрийн 12:10 минутын орчимд сургалтын төвд сургалт хийж байсан цэргийн албан хаагчдад нутгийн иргэд хандаж, сургалт болж байгаа газраас баруун зүгт тухайн нутгийн хоёр иргэн тэсрэх зүйлд өртсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг хүргэжээ. Цэргийн албан хаагчид уг газарт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын III багийн иргэн 49 настай Н тэсрэх зүйлд өртөж нас барсан байдалтайгаар мөн тус багийн иргэн 48 настай Т нь ар нуруундаа шархадсан байдалтай байсан аж.

Энэ талаар иргэн Т хэлэхдээ “Хоёр айлын хонь мал нийлэх гээд байсан тул хээр хонио хариулж байсан Н дээр очиход талийгаач хээрээс сум оллоо гэсээр түүнийгээ чулуун дээр нүдээд сууж байсан. Ирсэн учраа хэлэхээс гадна тэсрэх зүйлийг нүдэж цохиж болохгүй талаар анхааруулаад, цаашаа харж бие засаж байх зуурт ард тэсрэх чимээ сонсогдсон. Миний нуруу бас шархадсан учраас юу болсныг сайн ойлгоогүй гэсэн аж.

Ямартай ч болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллага ажиллаж эхэлсэн бөгөөд шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс тэсрэх зүйлийн гарал үүсэл болон яагаад тэсэрч дэлбэрсэн шалтгааныг нь судалж байгаа аж. Иргэн Н-ийн тэсрэх зүйл олсон газар нь Тавантолгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвөөс баруун тийш 26 км газарт байрлах бөгөөд УИХ-ын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан хориотой газар нутагт багтах хэсэг аж.

Энэ өдрүүдэд Тавантолгой дахь хээрийн сургалтын төвд дэлхийн 26 орны 1,100 гаруй цэргийн албан хаагч оролцсон “Хааны эрэлд 2017’’ энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль болж байгаа бөгөөд жил болгон олон улсын сургуулийн үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг гэдгийг Батлан Хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад онцлон хэлжээ. 

Харин ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Тавантолгой дахь зэвсэгт хүчний нэгдсэн сургалтын төвд “Хааны эрэлд” арга хэмжээнээс гадна байлдааны сургалт зохион байгуулдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр сургалт хийсэн. Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” хэмээжээ.

Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа цагдаа хүчний байгууллагын дүгнэлтээс гадна Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцлагын асуудал тооцно гэдгийг БХЯ-ны удирдлагуудад хэлсэн байна.

 Хамгийн гол Д.Даваа генералийн хэлж буйгаар тус газарт хориотой бүс гэсэн анхааруулга байсан уу гэдэг өөрөө асуултын тэмдэг. Ямартай ч үүссэн нөхцөл байдлыг цэргийн ангийнханд хамаагүй гэж хэлэх эрт бөгөөд иргэдийн болгоомжгүй байдлаас үүдэж тус хэрэг гарсан байж ч болзошгүй.

Зураг