Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Оросын эсрэг хоригийг баталсан ч энэ нь “ноцтой алдаа” болсныг хэллээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Иран, Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлэх шинэ хоригийг баталж, хуульчиллаа.

Гэхдээ тэр шинэ хоригийг “ноцтой алдаатай”, гүйцэтгэх засаглалын эрхэнд халдсан, Америкийн компаниудыг хохироосон, Европын холбоотнуудын ашиг сонирхлыг хөндсөн алхам боллоо хэмээн шүүмжилжээ.

Гэсэн хэдий ч үндэсний эв нэгдлийг бодолцон хуулийг баталж байгаагаа хэлсэн байна.

“Асуудлууд байгаа боловч би үндэсний эв нэгдлийг бодоод уг хуулийг баталж байна. АНУ-тай харилцаагаа сайжруулахын тулд Оросын тал тодорхой алхам хийхийг Америкчууд хүсч байгаагийн илрэл нь энэ юм. Дэлхийн хэмжээний асуудлууд дээр манай хоёр орон хамтран ажилласнаар ийм хориг цаашдаа шаардлагагүй болно гэдэгт бид итгэж байна” хэмээн тэр мэдэгджээ.

Трампын гол шүүмжилж байгаа зүйл нь уг хуульд хэрвээ ерөнхийлөгч дээрх орнуудын эсрэг тавьсан хоригийг өөрчлөх, цуцлах бол заавал конгрессоос зөвшөөрөл авахаар заасанд байгаа юм.

Дональд Трамп энэхүү заалтыг Америкийн ард түмний эрх ашигт нийцсэн гэрээ хэлэлцээр хийх ерөнхийлөгчийн боломжийг хааж, эцэстээ Хятад, Орос, Хойд Солонгос улсуудыг өөрийнх нь эсрэг нэгдэн нягтрах үр дүнд хүргэж байна хэмээн шүүмжилжээ.

“Манай үндсэн хуулийг үндэслэгчид гадаад бодлогыг ерөнхийлөгчийн эрх мэдэлд үлдээсэн байдаг. Тиймээс шинэ хууль нь энэхүү үзэл санааг хадгалж байх ёстой юм” хэмээн Трамп хэлсэн байна.

Тэрээр мэдэгдлийнхээ төгсгөлд өөрийгөө туршлагатай бизнесмэн, Америкчууд түүнийг сонгосон гол шалтгаан нь энэ гээд гадаад улс орнуудтай тохиролцоо хийхдээ өөрийгөө конгрессоос хамаагүй илүү гэдгийг өгүүлжээ.

 

Эх сурвалж: Business Insider, Russia Today