Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

NASA дэлхийг харь гарагийн бохирдлоос хамгаалах ажилтан авах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Америкийн Үндэсний Сансар судлалын Агентлаг (NASA) “гараг хамгаалалт” хариуцсан ажилтан авахаар зар гаргажээ. Уг ажилтны үүрэг нь харь гарагуудыг дэлхийгээс очсон хүн ба роботын судалгааны баг бохирдуулахаас сэргийлэх, мөн харь гарагаас ирсэн элдэв зүйлс манай дэлхийг бохирдуулахаас сэргийлэх юм байна.

Тэр энэ үүргийг гүйцэтгэснийхээ төлөө жилийн $187,000 хүртэл хэмжээний цалин авах тухай зарлалд дурджээ. Хачин сонсогдож байгаа ч ийм ажлын байр манай дэлхийн сансар судлалын байгууллагуудад янз бүрийн хэлбэрээр байдаг гэнэ. Харин NASA болон Европын Сансар Судлалын Агентлаг (ESA) хоёрт л зөвхөн бүтэн цагийн ажлын байр байдаг ажээ.

Энэ ажилд томилогдох хүн нь хүн төрөлхтөн бусад гарагуудыг судлахдаа тухайн гарагийн байгаль орчинд нөлөө үзүүлэх үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлдэг ба эсрэгээрээ харь гарагийн нөлөөг ч өөрийн эх дэлхийд нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. Ажлын байранд тэнцэх хүн нь шинжлэх ухаан эсвэл математикийн ахисан түвшний мэдлэг, боловсролтой, сансрын хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай, олон талуудын оролцсон яриа хэлэлцээрт шийдэл гаргах чадвартай буюу дипломат ур чадвартай байх ёстой гэнэ.

Энэхүү ажил мэргэжил нь 1967 онд АНУ-ын нэгдэн орсон Гадаад Ертөнцийн Гэрээний үр дүнд бий болсон юм байна. Уг гэрээнд зааснаар манай дэлхийгээс гадаад ертөнц рүү илгээгдэж байгаа судалгааны багууд хүрсэн харь гарагаа бохирдуулах боломжийг 10,000 тохиолдолд нэг ноогдох магадлалтай хангах үүрэг хүлээдэг ажээ.

 

Эх сурвалж: Time.Com