Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Thrones” цувралын шинэ бүлгийн зохиолыг хакерууд хулгайлж тараажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Америк төдийгүй дэлхийн үзэгчдийг байлдан дагуулж байгаа “Game of Thrones” цувралын зохиол хакеруудын гарт орж, онлайн ертөнцөд тарсан байж болзошгүй болжээ.

Цувралыг бүтээгч HBO компани Даваа гарагт мэдэгдэл хийхдээ компанийн дотоод сүлжээнд халдлага гарч, зарим үнэтэй контентоо алдсаныг хүлээн зөвшөөрсөн байна. Time-Warner-ийн эзэмшдэг HBO компани уг халдлагын дараа хууль сахиулагчид болон мэдээллийн аюулгүй байдлын компаниудтай хамтарч ажиллаж эхэлсэн гэнэ.

Компани яг ямар мэдээллээ алдсаныг зарлаагүй ч хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар “Game of Thrones” цувралын шинэ бүлгийн зохиол, мөн “Ballers”, “Room 104” бүтээлүүдийнх нь нийтэд цацагдаагүй байгаа ангиуд алдагджээ.

HBO компанийн гүйцэтгэх захирал Ричард Плэплер дотооддоо гаргасан мэдэгдэлдээ сүүлд гарсан халдлагын хор хөнөөлийн талаар тайлбарлаад компанийн удирдлага, технологийн баг, гадны экспертүүд өөрсдийн үнэ цэнтэй өмчийг хамгаалахаар өдөр шөнөгүй ажиллаж байгааг мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP