Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын элчингийнхэн Москвагийн ойролцоох зуслангаасаа өнөөдөр нүүжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Москвагийн ойролцоох Серебряный Бор дахь зуслангийн байрнаасаа АНУ-ын элчингийнхэн эд зүйлсээ өнөөдөр өглөө нүүлгэсэн байна. Нийт гурван ачааны машин, нэг микроавтобус, нэг жип машин, нэг такси зуслангийн байрыг орхин явсан тухай РИА Новости агентлагийн сэтгүүлч мэдээлжээ.

Машинуудад тавилга, хайрцагтай эд зүйлсийг ачсан байна. Өглөөний долоон цагт машинууд зусланд ирж, нүүлгэх ажлаа эхэлсэн гэнэ.

Өнгөрсөн долоо хоногийн эхээр АНУ-ын конгресс ОХУ, Иран, Хойд Солонгосын эсрэг шинэ эдийн засгийн хориг тавих шийдвэр гаргасан. Түүний дараа Москва тус улс дахь Нэгдсэн Улсын нийт 1,200 гаруй дипломат албан хаагчдаас 455-ыг үлдээж, бусдыг нь нутгаасаа гаргах хариу арга хэмжээ авсан юм. Мөн Серебряный Бор дахь зуслан, Дорожной гудамжин дахь агуулахын байрыг ашиглах эрхийг нь хураасан байна.

Ийнхүү наймдугаар сарын 1-нээс АНУ-ын элчингийнхэн дээрх байгууламжуудыг ашиглах эрхгүй болж байгаа тул өнөөдөр өглөө нүүсэн ажээ. Харин дипломат албан хаагчид есдүгээр сарын нэгнээс өмнө нутаг буцах ёстой юм.

Серебряный Бор бол Москвагаас баруун зүгт оршдог, байгалийн үзэсгэлэнт газар. 1930-аад оны үед Москва гол дээр суваг байгуулах үед бий болсон хиймэл арал юм байна. Энд хөрөнгөлөг хүмүүсийн орд харшууд байрладаг ба Зөвлөлтийн үеэс үлдсэн нэгэн байгууламжийг нь АНУ-ын элчин зуслан болгож ашигладаг байжээ.

 

 Эх сурвалж: Lenta.Ru