Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.
Энэ жилийн хувьд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриандор Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НЭМГ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эхийн сүүгээр хооллолт буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудал болоод буй. 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 50 хүрэхгүй хувьтай болж хүүхдийн дундах өвчлөл ихэсч байна.
Ингэж буурах болсон нь олон шалтгаантай. Тухайлбал,
Монгол Улсад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний тухай хууль 11 жилийн өмнө батлагдсанаас хойш уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийгээгүйн дээр зохицуулж байгаа харилцаа нь өнөөгийн нөхцөлд бүрэн нийцэхгүй байсан билээ.
Тэгвэл олон улсын жишигт нийцүүлэх замаар дээрх хуулийг шинэчлэн найруулж, 2017 оны 5-р сард Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хууль болгон баталснаар эхийн сүүгээр хооллолтыг дэмжих том алхам болсон.
Ингэхдээ эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний экспортын шаардлага, ийм төрлийн бүтээгдэхүүний зар сурталчилгааны зохицуулалт, хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага зэргийг шинэчлэн тусгасан.
Түүнчлэн, эхийн сүүгээр хооллолтод эмч, эмнэлгийн ажилчдын өгөх зөвлөгөө, дэмжлэг чухад болохыг тэмдэглэж, бүх аймаг дүүргийн жирэмсний хяналтын эмч, эх баригч, нярайн эмч, сувилагчдыг хамруулсан зайн болон танхимын сургалтуудыг энэ долоо хоногийн аяны хүрээнд төлөвлөөд байна.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил, олон нийт, гэр бүл хамтдаа хүчин чармайлт гарган ажиллаж, ирээдүйн тогтвортой хөгжлийг авч явах эрүүл, саруул хойч үеийнхээ төлөө одооноос хөрөнгө оруулалт хийхийг зохион байгуулагчид уриалж байна.
Эхийн сүү бол хүүхдийн анхны дархлаажуулалт, цор ганц төгс зохицол бүхий хоол тэжээл байдаг.Эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааныхөгжлийг дэмжих бөгөөд оюуны итгэлцүүр (IQ)-ийг 3-4 оноогоор дээшлүүлдэг.
Эхийн сүүгээр хооллолт нь улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөтэй. Хүүхдийг эхийн сүүгээр хооллолсноор хүүхдийн өвчлөл багасч, улмаар тухайн улсын эрүүл мэндийн зардлыг бууруулах, мөн эхчүүдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зэргээр үндэсний хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дан ганц ээжүүдийн ажил биш юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, гэр бүлийн гишүүд, ажил олгогч нар, цаашлаад бодлого тодорхойлогчид зэрэг олон хүмүүс эхийн сүүгээр хооллолтыг хөхүүлэн дэмждэг, урам зориг өгдөг байх хэрэгтэй.
Ингэхдээ эхийн сүүгээр хооллолтыг дэмжих улс төр, санхүү, хууль эрх зүй, олон нийтийн нөөц бололцоог зэрэг дайчилж чадвал, ээжүүд, хүүхдүүд, цаашлаад нийгэм тэр чигтээ үр өгөөжийг нь хүртэх болно. Улмаар хүүхдийг эхийн сүүгээр хооллолт нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.
Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих нь 2030 он хүртэл хэрэгжүүлэх улс орон бүрийн Тогтвортой Хөгжлийн Зорилтуудад хүрэхэд чухал хувь нэмэр оруулна.
Эх сурвалж: НЭМҮТ