Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

С.Хишигтогтох: 65-аас дээш насны ахмадууд маргаашаас В, С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдаж эхэлнэ

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

 "Элэг бүтэн Монгол хөтөлбөр"-ийг санаачлагч Оном сангаас маргааш "Дэлхийн хепатитын өдөр" -ийг угтан элэгний өвчлөл өндөртэй бүс нутгийн 65-аас дээш настай иргэдийг В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд хамрагдаарай

“Элэгний төв” лабораторын Ерөнхий менежер С.Хишигтогтох "Яагаад 65-аас дээш насны иргэдийг элэгний B, C вирүсийн шинжилгээнд хамруулах ёстой вэ гэвэл нас ахих тусам вирүсийн халдвар авах эрсдэл ихэсдэг. Вирүс удах тусам халдвар болдог.

Нийслэлийн 65-аас дээш насны ахмадууд маргаашаас В,С вирүсийн шинжилгээнд үнэгүй хамрагдаж эхэлнэ.

Шинжилгээ долоодугаар сарын 28-наас эхлэх боловч "Дэлхийн хепатитын өдөр"-ийг угтан маргаашаас шинжилгээг авахаар боллоо. 

Элэгний төв лаборатори  дээр маргааш өглөө 8:30-17:00 цагийн хооронд ахмадууд маань ирж шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой.

Иргэд ЭМД, иргэний үнэмлэхтэйгээ ирж шинжилгээнд хамрагдаарай" гэлээ. 

Элэгний хатуурал, хорт хавдараар өдөрт долоон хүн нас барч байна

 
Гэрэл зургийг mpa.mn

“Оном сан” ТУЗ-н дарга ШУ-ны доктор Д.Наранбаатар "Анх 2013 онд "Дэлхийн хепатитын өдөр"-ийг тэмдэглэж байсан. Энэ жил дөрөв дэх жилдээ тэмдэглэж байна.

"Дэлхийн хепатитын өдөр"-т өнгөрсөн жил 10,000 гаруй хүн оролцсон. Элэгний хатуурал, хорт хавдраар өдөрт долоон хүн нас барж байна. 

Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл хамтран “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлан улмаар Монгол Улсын Засгийн газраас 2016-2020 оны Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт орж, Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр болон батлагдсан билээ.

Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяныг орон даяар хэрэгжүүлэхдээ 2017 онд 40-55 насны иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар болсон. 

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн санаачлагч мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг элэгний вирүсийн өвчлөл маш өндөр байдаг 65-аас дээш насны ахмад буурлуудаа энэ жил цаг алдалгүй хамруулах саналыг Эрүүл Мэндийн Яаманд хүргүүлсэн ч харамсалтай нь хүлээж аваагүй болно.

 65-аас дээш насны ахмадууд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн Эрт илрүүлэлтийн аяны гадна үлдсэндээ сэтгэл дундуур байгаа. 

Иймээс Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроэнтерологийн холбоо хамтран жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр тохиодог “Дэлхийн хепатитын өдөр”-ийг тохиолдуулан элэгний өвчлөл хамгийн өндөртэй Сүхбаатар, Дорнод, Дундговь, Увс, Булган, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл есөн аймгийн 65-аас дээш насны иргэдийг вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах сарын аяныг аймгийн нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эмнэлгүүдээр дамжуулан 2017 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулахаар боллоо" гэв.