Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг "Хепатитийг таслан зогсооё" уриан дор тэмдэглэнэ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр "Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Манай улс энэ жил 7 дахь удаагаа энэ өдрийг "Хепатитийг таслан зогсооё" уриан дор тэмдэглэх гэж байна. 

Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан "Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021"-ийн хепатитын вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын Засгийн Газрын анхаарлыг татах, шийдвэр гаргагчид, иргэд, оролцогч талуудын хүчин чармайлтыг нэгтгэх чиглэлээр арга хэмжээг зохион байгуулах аж.

Өнөөдөр Эрүүл мэндийн Яамнаас Хепатиттай тэмцэх өдрийг угтан хамтран ажиллаж буй Эрүүл мэндийн байгууллагуудад талархал илэрхийлэх арга хэмжээ боллоо. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг " Хепатиттай тэмцэх өдрийг угтаж манай эрүүл мэндийн байгууллага, хувийн хэвшлийн компаниуд үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, ялангуяа В,С вирустэй иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр хамтарч ажиллах болно. 

Өнөөдөр Монгол Улсын Засгийн Газраас "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхаарлын төвд орсон байна. "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа 40-65 насны иргэдийн илрүүлэг шинжилгээд зорилтот насны нийт хамрагдвал зохих хүн амын 40 орчим хувь буюу 230 мянга гаруй хүнийг хамруулаад байна.

Элэгний В, С вирусын халдвар илрүүлэх, вирус тоолох шинжилгээ хийх, элэгний вирусын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр авах боломжийг олгосон нь хүн амд эмчилгээ оношилгоог хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа юм.

Иргэд ялангуяа залуучууд хепатитийн вирусын халдвараас өөрсдийгөө сэргийлэх талаар мэдлэгээ дээшлүүлэн, зөв дадал хэвшлийг бий болгож, эрүүл мэндийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх нь уг өвчнийг таслан зогсооход хувь нэмэр болно" гэв.