Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдох зорилготойгоо хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах зорилготой байгаагаа саяхан хэлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2018 оны гуравдугаар сард дуусч байгаа. Тэгвэл тэр ирэх оны сонгуульд өрсөлдөж, дахин зургаан жил ерөнхийлөгчийн албыг хаших бодолтой гэнэ.

Путин 2000 оноос хойш ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллахдаа 2008-2012 оны хооронд ерөнхий сайдын албыг хашсан.

Саяхан тэр Хар тэнгисийн эргийн Сочи хотод Оросын хүүхэд багачуудтай гурван цаг орчим уулзаж, ярилцсан юм. Энэ үеэр түүнээс ерөнхийлөгчийн албанаас буусныхаа дараа юу хийх төлөвлөгөөтэй байгааг нь асуужээ.

Путин инээмсэглээд “Үнэндээ би ерөнхийлөгчийн ажлаа өгөх эсэхээ шийдээгүй байна” хэмээн хариулсан байна. Ингэж хариулсны дараа хүүхдүүд инээлдэж, алга ташицгаасан гэнэ.

Гэхдээ Путин өөрийгөө мөнхийн ерөнхийлөгч болгохын тулд Оросын үндсэн хуулийг өөрчлөхгүй гэдгээ энэ үеэр амлажээ.

“Надад боломж байсан. Тэр ч байтугай үндсэн хуулийг өөрчлөхийг надаас хүсэж байсан” гээд “Гэхдээ би тэгээгүй, цаашдаа ч өөрчлөх бодолгүй байна” хэмээн залуу үеийнхэнд Путин ярьсан байна.

Одоогийн үндсэн хууль ерөнхийлөгчөөр дараалан хоёроос дээш удаа сонгогдохыг хориглодог. Тиймээс 2018 онд Путин сонгогдвол энэ нь түүний ерөнхийлөгчийн сүүлчийн бүрэн эрхийн хугацаа байх юм.

Путин хүүхдүүдийн өөр олон асуултад хариулжээ. Тухайлбал тэр чөлөөт цагаараа “найз нартайгаа хөөрөлдөж, түүхийн ном уншин, хөгжим сонсож, спортоор хичээллэдэг” гэжээ. Тэр бас интернэтийг ховорхон ашигладаг гээд онлайн ертөнцөд хүмүүс хуурамч нэр ашиглан холбогддогийг өөрийнх нь КГБ-ын үеийн тагнуулуудын арга барилтай ижил санагддагийг ярьсан байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуултад хариулахдаа Путин фэминист хөдөлгөөнд буруу зүйл байхгүй гээд Орост ч хүйсийн ялгавартай цалин хөлсний асуудал байдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэр ийм асуудал Өрнөдөд ч байдаг, Оросын хувьд асуудал тийм ч муу болчихоогүй, ямар ч байсан муслим орнуудын нөхцөл байдлаас дээр байгаа гэсэн байна.

Путинаас амьдралын хамгийн үнэтэй гурван зүйлийг хэлээч гэхэд тэр “Хайр, эрх чөлөө, бас амьдрал өөрөө” хэмээн хариулжээ.

 

Эх сурвалж: Independent