Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос, АНУ хариу пуужин харваж, ОХУ, Хятад хамтарсан мэдэгдэл хийлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр өглөө Хойд Солонгос анх удаагаа тив хоорондын баллистик пуужин туршсан нь тус улсын цөмийн зэвсгийн хөтөлбөрт томоохон ахиц гарсныг илтгэсэн юм.

Тэгвэл өчигдөр АНУ, Өмнөд Солонгосын арми газар-газар ангиллын тактикийн пуужин харваж, Хойд Солонгосын дэглэмд хариу барилаа. Уг сургуулилалтад АНУ-ын ATACMS (Army Tactical Missile System) болон Өмнөд Солонгосын Hyunmoo Missile II пуужин ашигласан бөгөөд Өмнөд Солонгосын зүүн эргийн ус руу харвасан байна.

АНУ-ын арми энэ сургуулилтаараа Хойд Солонгосын ямар ч халдлагад түргэн хариу барих чадвартай гэдгээ харууллаа гэж мэдэгдэлдээ дурджээ. ATACMS пуужин нь Lockheed Martin компанид бүтээгдсэн, 300 км-ийн зайнд цохилт өгөх чадвартай систем. Харин Өмнөд Солонгост бүтээгдсэн Hyunmoo II пуужин нь 800 км зайнд цохилт өгөх чадвартай юм байна.

Сөүл энэхүү пуужингаа өмнө нь дөрвөн удаа харваж туршсан бөгөөд сүүлийнх нь зургаадугаар сарын 23-нд туршигджээ.

Өчигдөр мөн Москвад уулзаж байгаа ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Солонгосын хойгтой холбоотой хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд Хойд Солонгос өөрийн цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох ёстой, мөн үүнтэй зэрэгцэн АНУ, Өмнөд Солонгосын талууд цэргийн сургуулилалт, THAAD системийн суурилуулалтаа мөн зогсоох хэрэгтэй гэжээ.

 

Өөрөөр хэлбэл сөргөлдөгч талууд харилцан буулт хийх хэрэгтэй гэсэн уриалга гаргасан байна.

Орос, Хятадын талууд Хойд Солонгосын ашиг сонирхол, болгоомжлолыг ойлгож байгаагаа илэрхийлээд, яриа хэлэлцээр эхлүүлэх тодорхой алхам хийхийг бусад орнуудад уриалжээ.

Мөн цэрэг, зэвсгээр Солонгосын хойгийн асуудлыг шийдэх хувилбар байх боломжгүйг онцолсон байна. Өмнөд Солонгост байрлуулж байгаа пуужингаас хамгаалах THAAD системийн суурилуулалтыг даруй зогсоох нь зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдалд чухал болохыг хоёр орны гадаад хэргийн сайд нарын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: Russia Today