Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г. Анударь: Шулам бол эхийн талаас өвлөж төрдөг, удамшлын зүйл

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

"Зөн билгийн тулаан-Монголд" шоу нэвтрүүлгийн шилдэг дөрвөн оролцогч болон зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

NTV телевиз Их Британиас гаралтай “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Уг нэвтрүүлгийн зохиогчийн эрхийг Нидерландын “Тв медиа партнерс” болон Норвегийн “Голланд & Нордикс фильм” компани эзэмшдэг бөгөөд АНУ, Австрали, Болгар, ОХУ зэрэг дэлхийн 20-иод улсад албан ёсоор үзэгчдэд хүрчээ.

"Шилдэг зөн билэгтнийг тодруулах санал хураалт долоодугаар сарын 8-нийг дуустал үргэлжилнэ"
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Медиа групп” ХХК-ийн Бизнес хөгжил, маркетингийн газрын захирал С.АнгарагМонгол Улс албан ёсны эрхтэй 22 дахь орон болж энэхүү шоу нэвтрүүлгийг зохион байгуулсан. Монголын зөн билэгтнүүдийн авьяасыг сорьж, ур чадварыг олонд таниулах зорилготойгоор энэхүү нэвтрүүлгийг хийсэн.

Анх нэвтрүүлэг зарлагдахад 200 гаруй хүн бүртгүүлснээс, тодорхой шалгуураар шүүсний үндсэн дээр 65 орчим зөн билэгтэн оролцсон нийт 24 дугаарыг бэлтгэн үзэгчдийн хүртээл болгоод байна.

Нэвтрүүлгийн бүх зохион байгуулалт олон улсын стандартын дагуу байсан гэдэг утгаараа уран бүтээлчид бидний хувьд маш том сорил, шалгуур байлаа.

Цомын хувьд олон улс дахь өнгө дизайн, стандартын дагуу монгол хэв маягийг шингээсэн байдлаар хийсэн.

Шилдэг зөн билэгтнийг тодруулах үзэгчдийн санал хураалт зургаадугаар сарын 26-наас эхэлсэн байгаа. Санал хураалт долоодугаар сарын 8-нийг дуустал үргэлжилнэ.

Ингээд энэ долоодугаар сарын 9-ний Ням гарагт шилдэг зөн билэгч, дэлхий дээрх цорын ганц цомын эзэн хэн болохыг NTV телевизээр шууд дамжуулан, тодруулах болно” хэмээв.

"Бөө мөргөл бол Монголын үндсэн шашин гэдгийг ойлгуулахаар энэ тэмцээнд оролцсон"
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн оролцогч, хувийн дугаар №1 Т.Алтанцэцэг “Би энэхүү нэвтрүүлэгт оролцож, Монголын зөн билэгчдийн дунд ямар түвшинд явж байгаа, миний далд мэдрэмж, хүч ямар хэмжээнд хүрэх бол гэдгийг мэдэхийг хүссэн.

Мөн Монгол дахь бөөгийн шашин, бөө мөргөлийг аль болох зөв талаас нь тайлбарлаж, бөө мөргөл бол Монголын үндсэн шашин гэдгийг ойлгуулахаар энэ тэмцээнд оролцсон.

Нэвтрүүлгийн явцын сорил, даалгаврууд ямар нэг задаргаа байхгүй, шударга явагдсан” гэв.

"Хэн хүссэн нь шулам болдоггүй"
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн оролцогч, хувийн дугаар №2 Г.Анударь “Энэ тэмцээнд оролцож, өөрийн зан үйлийг олонд таниулах нь миний хамгийн том зорилго байсан.

Харын шид гэдэг нь ямар нэг хараал жатгатай холбоогүй, бүгд сайн сайхны төлөө явдаг гэдгийг харуулахыг хүссэн.

Дэлхий дээр байгаа бүх шашны урсгал нэг чигт явж байдаг. Үүнийг хүмүүст эерэг талаас нь харуулж, ойлгуулахыг зорьсон.

Шулам бол эхийн талаас өвлөж төрдөг, удамшлын зүйл. Удамдаа чадвартай хүмүүс байдаг гэсэн үг. Бөөн мөргөл ч ялгаагүй удмаа дагаж, өвлөгддөг.

Түүнтэй адил шулмын чадвар, шулмын гень эхийн талаасаа өвлөж, эмэгтэйчүүдээ дагаж төрдөг. Хэн хүссэн нь шулам болдоггүй” гэлээ.

"Ирээдүйн зорилгын минь буурь суурь энэ тэмцээн болсон"
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн оролцогч, хувийн дугаар №6 Б.Эрдэнэсан “Шалтгаан гэвэл Монголын бөө мөргөлийг залуус маань хэрхэн авч явж байгааг харуулах. Мөн өөрийнхөө хэр хэмжээг сорих гэж энэ тэмцээнд орсон.

Зөн билгийн тулаан-Монголд тэмцээнд ороод би ирээдүйнхээ буурийг тавьсан гэж бодож байгаа.

Учир нь хэтийн зорилго минь улс эх орон, хөх мөнх тэнгэр, байгаль хангай дэлхийдээ өөрийн зүгээс бага ч гэсэн тус нэмэр болох юм. Энэ зорилгын минь буурь суурь энэ тэмцээн болсон гэж бодож байна.

Нэвтрүүлгийн даалгаврын дагуу нэгэн эмээг хүүтэй нь уулзуулж өгсөн. Энэ талын санал олон хүнээс ирж байгаа. Гэхдээ ийм зан үйл хийснээр улаач хүний нас хорогддог учраас онгод тэнгэр минь зөвшөөрвөл уулзуулж өгье гэх тайлбарыг хэлж байгаа” гэв.

"Шударга өрсөлдөж бид дөрөв шилдгээр шалгарсан учраас баяртай байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн оролцогч, хувийн дугаар №3 Н.Батцэнгэл “Миний хувьд энэ тэмцээнд онго тэнгэрийнхээ хүчийг ашиглахгүй, өөрийн хүчээр ямар зэрэгт явж байгаагаа мэдэхийг хүссэн.

Энэ зорилгынхоо дагуу өөрийгөө ямар хэмжээнд явж байгааг баталж, харуулж байгаа гэж хэлж болно.

Онго тэнгэр буух болгондоо улаачдаа мэлмий, хүч чадал хайрладаг. Үүнийг хэр хэмжээнд хурааж чадаж байгаа, эргүүлээд ард түмэндээ яаж түгээж чадаж байгаагаа тодорхойлж байгаа.

Шударга өрсөлдөж бид дөрөв шилдгээр шалгарсан учраас би баяртай байна” хэмээв.

Долоо хоног бүрийн Бямба, Ням гарагийн үдэш үзэгчдэд хүрч буй “Зөн билгийн тулаан-Монголд” нэвтрүүлгийн нэг өдрийн дугаарыг телевизээр дунджаар 150,000 гаруй хүн үзэж, давтагдсан тоогоор 2.7 сая хүнд тус нэвтрүүлэг хүрч чаджээ.

Шилдэг зөн билэгчийг үзэгчдийн мессеж санал, шүүгчдийн бүрэлдэхүүн, ажиглагчдын санал асуулга болон сорил бүрийн үр дүнг эргэн харж тооцсоны үндсэн дээр шалгаруулах юм байна.