Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад-Энэтхэгийн хил дээр юу болоод байна вэ?

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын эхнээс Хималайн нуруун дахь Хятад-Энэтхэг-Бутаны хилийн зурваст Хятад, Энэтхэг улсуудын хооронд маргаан дэгдээд байгаа. Талуудын багагүй тооны цэрэг энд бөөгнөрөөд байгаа юм.

Өчигдөр буюу Даваа гарагт Хятадын гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж, Энэтхэг улсыг 1890 онд Британи-Хятадын хооронд байгуулсан хилийн гэрээг зөрчлөө гэж буруутгажээ. Энэтхэг улс энэхүү гэрээг дагаж мөрдөхөө амласан байдаг юм байна.

Мөргөлдөөн үүсэхэд ойрхон байгаа нутаг нь Энэтхэгийн Сикким муж, Хятадын Төвдийн өөртөө засах орны хил юм. Хятадын талын тайлбарлаж байгаагаар зургаадугаар сарын эхээр Энэтхэгийн хилийн цэргүүд Хятадын тал руу нэвтэрч, Хятадын байгуулж байгаа замын ажлыг саатуулсан байна.

Энэ хэсэг газар нь Энэтхэгийг түүний холбоотон Бутан улсаас тусгаарлаж байдаг. Мөн Энэтхэгийг алслагдсан зүүн хойд мужтай нь холбодог нарийхан зурвас газартай ойрхон тул Хятадын хувьд стратегийн чухал байрлал юм.

Харин өнгөрсөн Баасан гарагт Энэтхэгийн гадаад хэргийн яам тайлбарлахдаа хилийн ойр орчим зам байгуулах нь аюулгүй байдлын үүднээс тун эмзэг, хүлээж авах боломжгүй асуудал тул эсэргүүцэж байгаа гэсэн байна. Үнэндээ Бутан-Хятадын хилийн маргаанд Энэтхэг улс Бутаны өмнөөс оролцож байгаа нь энэ гэж зарим шинжээчид тайлбарлажээ.

Бутаны хаант улс нь 1890 оны Британи-Хятадын гэрээнд оролцоогүй тул Бээжингийн эсэргүүцэл үүнд хамаагүй гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Бутаны засгийн газар өөрийнх нь нутаг дэвсгэр дээр Хятадууд зам байгуулж эхэлснийг мэдэгдсэн юм.

Энэ долоо хоногт Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди нар Германд болох Их 20-ын уулзалтад оролцоно. Тэд энэ удаа уулзах эсэх нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Reuters