Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэгийн нам түүхэн ялагдал хүлээлээ

Б.Даваахүү
2017 оны 7 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг

Японы нийслэл Токио хотын парламентын сонгууль өнгөрөгч Ням гарагт болж, өчигдөр өглөө үүрээр үр дүн нь тодорхой боллоо. Улмаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлдэг эрх баригч Либериал Ардчилсан нам түүхэндээ байгаагүй хэмжээний томоохон ялагдал хүлээсэн байна.

Токиогийн ассамблей 127 суудалтай. Сонгуулиас өмнө Либериал Ардчилсан нам 57 суудалтай байжээ. Гэвч энэ сонгуулиар ердөө 23 суудлыг авч чадсан бол Юрико Койкэгийн “Tokyo Citizens First” нам үнэмлэхүй олонх болж, 79 суудал авчээ. Ингэснээр энэ удаагийн сонгуулийн дүн эрх баригч намд томоохон цохилт боллоо.

Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба “Бид түүхэн ялагдлаа хүлээн зөвшөөрөх ёстой” гэж хэлснийг NHK агентлаг иш татжээ. Токиогийн парламентын сонгуулийг Японы доод танхимын урьтал сонгууль ч гэж үздэг аж. Тийм ч учраас улс төрийн томоохон намууд бүхий л хүчээ дайчлан оролцдог байна.

Эрх барьж буй нам парламентад талаас илүү суудал авч чадах эсэх, Либериал ардчилсан нам байр сууриа хадгалах эсэх нь хамгийн их анхаарал татсан үйл явдлын нэг байдаг аж. Гэвч энэ удаагийн сонгуульд Либериал Ардчилсан нам байр сууриа “Токиогийн иргэд нэгдүгээрт” намд алдлаа. Өнгөрсөн хугацаанд Шинзо Абэгийн нам 1965 болон 2009 онд түүхэндээ анх удаагаа тус парламентад 38 суудал авч байжээ.

Харин энэ удаа түүнээс 10 гаруй суудлаар бага буюу Комэй намтай ижил 23 суудал авч, хоёрдугаарт бичигдсэн байна. Токиогийн парламентын сонгуулийг дэлхийн хэвлэлүүд ч янз бүрээр мэдээлж байв. Тухайлбал, “Ройтерс” агентлаг “Түүхэн ялагдал хүлээлээ. Хэд хэдэн дуулиан шуугианы дараа дэмжигчдийнх нь хувь буурсан Шинзо Абэгийн Засгийн газарт томоохон бэрхшээл тулгарахыг энэ удаагийн сонгууль харуулав” гэсэн бол “Ассошэйтед пресс” “Дэмжигчдийн хувиа тогтвортой хадгалж ирсэн Шинзо Абэгийн нам сонгуульд ялагдахад намын дотоодод үүссэн дуулиан нөлөөллөө.

Харин эсрэгээр Койкэгийн нам ялалт байгууллаа” гэжээ. Франц пресс мөн энэ талаарх мэдээллийг дамжуулжээ. Түүнд “Хэдий орон нутгийн сонгууль ч, гэсэн өнөөгийн Засгийн газрыг ард иргэд хэрхэн дүгнэж буйг харуулсан чухал үзүүлэлт боллоо. Токиогийн иргэдийн ихэнх нь хуучин Консерватив хүчнийг сэгсэрч, Койкэгийн намын бодлогыг дэмжлээ” гэсэн байна.

Мөн манай урд хөршийн хэвлэлд “Койкэгийн нам дэмжигчдээ алдсан Либериал Ардчилсан намыг ялах эсэх нь анхаарал татаж байна. Сонгуульд Либериал Ардчилсан нам хэрэв ялагдвал, цаашдаа Шинзо Абэгийн Засгийн газарт томоохон нөлөө үзүүлж магадгүй” хэмээн нийтэлсэн байжээ. Энэ мэтээр Токиогийн парламентын сонгууль дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлыг татлаа.

Зураг